Хувийн сургуульд хүүхдээ сургадаг эцэг эх сургалтын төлбөрөө өөрөө төлнө. Гэтэл тухайн хүүхдийн суралцаж буй сургуульд улсын төсвөөс мөн хувьсах зардлын санхүүжилт олгодог. Эндээс татвар төлөгчдийн дунд нэг асуулт үе үе гарч ирдэг. Төлбөртэй хувийн сургуулийг төр яагаад төсвөөс санхүүжүүлэх ёстой вэ? Гэвч асуудлын нөгөө талд бас нэг асуулт бий. Хүүхэд хувийн сургууль сонгосноороо төрөөс боловсролд зориулан олгодог санхүүжилтээс хасагдах ёстой юу?
Монгол Улсын Боловсролын ерөнхий хуульд төрийн бус өмчийн боловсролын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрт сургалтын төлбөрөөс гадна хувьсах зардлыг багтаасан байдаг. Мөн нэг суралцагчид олгох санхүүжилтийг сургалтын төлбөр болон байршилтай уялдуулан Засгийн газар тогтоохоор хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл төсвийн санхүүжилтийг зөвхөн “хувийн сургуулийн эзэнд өгч буй мөнгө” гэж харах нэг өнцөг байхад “Монгол Улсын иргэн хүүхдийн боловсролд төрөөс ногдуулж буй санхүүжилт” гэж үзэх өөр өнцөг байна. Гэхдээ энд ил тод байдал хамгийн чухал. 2026 онд шинэчлэгдсэн журмаар төрийн бус өмчийн сургуульд олгох хувьсах зардлыг тухайн сургуулийн төлбөрийн хэмжээнээс хамаарах итгэлцүүрээр тооцно. Санхүүжилтийн 80 хувийг сурагчдын ирцэд үндэслэн сар бүр олгож, үлдсэн 20 хүртэлх хувийг гэрээний үр дүнтэй уялдуулан олгохоор зохицуулжээ.

Тэгвэл татвар төлөгч бид дараах мэдээллийг мэдэх эрхтэй. Аль хувийн сургууль улсын төсвөөс хэдэн төгрөг авч байна вэ? Хэдэн хүүхдээр тооцож санхүүжилт авдаг вэ? Тэр мөнгө багшийн цалин, сургалтын чанарт бодитоор зарцуулагдаж байна уу? Өндөр төлбөртэй болон харьцангуй бага төлбөртэй сургуулиудыг ялгах өнөөгийн шалгуур оновчтой юу? Энэ асуулт бүр ч чухал болж байгаа нэг шалтгаан бий.
УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр Боловсролын сайдын өгсөн мэдээллээр хувийн сургуульд 70 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд жилийн сургалтын төлбөр нь 10 сая төгрөгөөс дээш сургуульд хувьсах зардал олгодоггүй, бусад сургуулийн хувьд төлбөр өсөх тусам төрөөс олгох санхүүжилтийн итгэлцүүр буурдаг зохицуулалт үйлчилж байгааг тайлбарласан. Тэгэхээр асуудлыг зөвхөн “хувийн сургуульд мөнгө өгөх үү, өгөхгүй юу?” гэж хоёр хуваах нь хангалтгүй.
Харин: Төрийн санхүүжилт сургуулийг дагах ёстой юу, хүүхдийг дагах ёстой юу? гэдэг нь гол асуулт юм. Нэг талд төрийн сургуулиудын анги дүүргэлт, багшийн ачаалал, барилга байгууламж, сургалтын орчны асуудал бий. Нөгөө талд хувийн сургуульд сурч байгаа хүүхдийн эцэг эх ч мөн татвар төлөгч. Хүүхэд нь ямар өмчийн хэлбэртэй сургуульд сурахаас үл хамааран боловсрол эзэмших эрхтэй. Тиймээс маргааны гол цэг нь хувийн сургуульд хувьсах зардал өгөх эсэхээс илүүтэй, төсвөөс өгч байгаа мөнгө хүүхдийн боловсролын чанарт хүрч байна уу, зарцуулалт нь ил тод байна уу, үр дүнгээрээ хэмжигдэж байна уу гэдэгт байх учиртай. Төсвийн мөнгө сургуулийн өмчийн хэлбэрийг дагах уу, Монголын хүүхэд бүрийг дагах уу? Энэ асуултад нийгэм бодит тоо, ил тод мэдээлэлд үндэслэн хариулах цаг болжээ.

2023 онд батлагдсан "БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛЬ"-Д зааснаар Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж буй хувийн сургуульд л ХУВЬСАХ ЗАРДАЛ ОЛГОНО, олон улсын сургалттай хувийн сургуульд хувьсах зардал өгөхгүй хэмээн хуульчилж байв.
Боловсролын яамнаас энэ хичээлийн жилд "ГЭРТ ОЙРХОН САЙН СУРГУУЛЬ" гэх хөтөлбөр хэрэгжүүлж, үүндээ хувийн сургуулиудыг татан оролцуулж байгаа. Ингэхдээ ХУВЬСАХ ЗАРДАЛ дээр нэмээд БАЙР ТҮРЭЭС, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙНХ нь төлбөрийг төлж буй. Үндсэндээ Засгийн газраас ХУВИЙН СУРГУУЛИУДЫГ ХАНГАЛТТАЙ ихээр угжиж байна. Бодлого нэгэнт ийм тул Л.Энх-Амгалан сайд хувийн сургуулиудыг төлбөртэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан. Гэвч энэ нь амьдралд нийцэхгүй байна. Хувийн сургуулиуд нь сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр нь харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна. Тиймээс Боловсролын сайд 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаалыг гаргалаа. Энэхүү тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй. Мөн сургалтын төлбөр тогтоох эрхэд нь халдахгүй. Цаашид хувийн сургуульд шинээр элссэн болон үргэлжлүүлэн суралцах сурагчийн баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй.
-
2 цаг 46 мин
-
6 цаг 10 мин
-
Өчигдөр 12 цаг 59 мин
-
Өчигдөр 12 цаг 42 мин
-
Өчигдөр 12 цаг 33 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 28 мин
-
Уржигдар 18 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 38 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
Уржигдар 10 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 53 мин
-
Өчигдөр 12 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 30 мин