Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг хэлэлцэв
Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 1 мин

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.16/ хуралдаан 14.45 цагт УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ж.Батжаргал, С.Бямбацогт, С.Зулпхар, Э.Одбаяр, Б.Чойжилсүрэн, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Л.Гантөмөр, Б.Найдалаа, Ч.Ундрам, Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Б.Жавхлан, Н.Номтойбаяр, Н.Учрал нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхлэв.

Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулаад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Г.Тэмүүлэн нарын УИХ-ын 13 гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, П.Сайнзориг нарын УИХ-ын 21 гишүүнээс мөн өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Харин Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Улсын Их Хурлын даргын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 232 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан ажилласан бөгөөд ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцуулга хийлээ.

Ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн байна. УИХ-ын гишүүдийн саналыг долоо хоногийн турш авч Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 41 саналын томьёоллыг боловсруулжээ.  

Байнгын хорооны хуралдаанаар нэгтгэсэн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж УИХ-ын гишүүд болон Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхлэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч буйг тус бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин мэдэгдсэн бөгөөд АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгч хэлэлцүүлгийг хойшлуулав.

Мөн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

О.Амгаланбаатар нарын УИХ-ын 17 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Зулпхараар ахлуулан байгуулахаар тогтоолын төсөлд тусгасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжин батлав. Дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, Б.Пүрэвдорж, Б.Хэрлэн нар ажиллахаар тогтоолд тусгажээ.

Үргэлжлүүлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн биелэлт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг хэлэлцэв.

Тайланг Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд төрийн албанд ёс зүй сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна хэмээн тайлангийн эхэнд дурдав.  Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасныг үндэслэн Ёс зүйн хороо төрийн байгууллагуудын дэргэд дэд хороод байгуулагдан 2024 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Засгийн дэргэдэх Ёс зүйн дэд хороо, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын дэргэдэх 2759 дэд хороонд 11861 төрийн албан хаагч ёс зүйн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллажээ. Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний 77,1 хувь нь эмэгтэй, 87 хувь нь гүйцэтгэх албан тушаалтнууд аж. Ёс зүйн дэд хороод нь хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд салбар нэгжийн хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч хянан шийдвэрлэхээс гадна хэм хэмжээг сахиулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлдэг байна. Ёс зүйн хороо 2025-2028 оныг хүртэлх стратеги төлөвлөгөөг батлан, хууль тогтоомжийн дагуу 12 дүрэм журам зааврыг аргачлалыг боловсруулж, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна хэмээгээд, ёс зүйн бие даасан тогтолцооны хүрээнд дэд хороодын хэрэгжүүлэх үйл ажиллагааг 5 үндсэн алхмаар буюу урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, судалж шинжлэн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, ёс зүйн нөлөөллийн мэдүүлэг гаргаж хариу арга хэмжээ авах системчилсэн арга зүйг тодорхойлсон байна. Ингэж тодорхойлсноор ёс зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдэж төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны хүртээмж, үр өгөөжид эергээр нөлөөлнө гэж үзжээ. Тайлант хугацаанд төрийн албан хаагчийн ажлын байран дахь ёс зүйн сургалтыг 84 байгууллагад зохион байгуулж нийт 16,4 мянган албан хаагчийг танхим болон цахим хэлбэрээр хамруулжээ. Нийт ёс зүйн дэд хороодын түвшинд зохион байгуулсан сургалт нөлөөллийн үйл ажиллагаанд давхардсан тоогоор 348,1 мянган албан хаагч хамрагдсан нь өнгөрсөн оноос 57,6 дахин өссөн үзүүлэлт аж.

Ёс зүйн хороо төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцооны суурь өгөгдөлд тулгуурлан системийг хөгжүүлж, системд бүртгэлтэй байгууллагуудын дэд хороодын үйл ажиллагааны хүрээнд 467 гомдол мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Дэд систем нь гомдол, мэдээллийн бүртгэл хийх, ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг төлөвлөх, хяналт тавих, ёс зүйн төлөв байдалд дүн шинжилгээ хийх, эрсдэлийг тодорхойлох, статистик тайлан мэдээллийг шуурхай нэгтгэн боловсруулж бодлогод ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэлээ.

Тайлант хугацаанд ёс зүйн зөрчлийн бүртгэлд 467 гомдол бүртгэгдсэн нь өмнөх үеэс 21,5 хувиар буурсан хэдий ч удирдах албан тушаалтантай холбоотой гомдол, мэдээлэл 80 гарчээ. Ёс зүйн зөрчил гаргасан нийт албан хаагчдын 31,8 хувь нь сайн дураар хариуцлагаа хүлээсэн байна. Иргэдийн хүсэлт хариу өгөхгүй байнахэл амаар доромжилсон, албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг зөрчил нийт бүртгэгдсэн зөрчлийн 51,7 хувийг эзэлжээ. Үүнд удирдах ажилтны манлайлалгүй байдал, төрийн албан хаагчдын хүмүүжил төлөвшил, хяналт, хариуцлагын механизм сул байгаатай холбоотой гэж дүгнэсэн байна.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Гадаад улсад казинод тоглож байгаа төрийн албан хаагчдын талаарх мэдээлэл бий эсэх, цахимаар мөрийтэй тоглоод байгаа, орон нутагт ажиллахаар очсон төрийн албан хаагчдыг угтах, үдэх нэрээр архидан согтуурч буй үзэгдлийг зогсоох талаар ямар ажил зохион байгуулах вэ хэмээн асуусан.

Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон. Үүнтэй холбоотой гомдол болон баримт мэдээллүүдийг бүгдийг нь хянан шийдвэрлэж, хариуцлага тооцож байгаа. 2025 онд ийм төрлийн 21 зөрчил бүртгэгдэж хариуцлага тооцсон. Мөрийтэй тоглоом, казино тоглосон мэдээлэл Ёс зүйн хороонд ирээгүй. Цаашдаа төрийн албан хаагч хориглосон үйл ажиллагаанд оролцсон эсэх талаарх хяналтын механизмыг нэгдсэн зарчмаар хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна гэлээ.

Байнгын хорооны дарга Б.Жавхлан, Төрийн албан хаагчийг соён гэгээрүүлж, үр дүнг нь өргөдлийн тоо буурснаар хэмжихээс илүүтэй төрийн албаны нэр хүндиргэдийн төрд итгэх итгэлсэтгэл ханамж нэмэгдсэн үү гэдгийг харах нь зүйтэй хэмээгээд, үүнийг хэрхэн хэмжих талаар тодорхой болгох ёстойг дурдав. Тэдэн хүнийг сургалтад хамруулсан нь хангалттай гүйцэтгэл биш гэдгийг тодотгоод, төрийн албан хаагчийн хандлага, бүтээмж, гүйцэтгэл мэдэгдэхүйц, хэмжигдэхүйц нэмэгдсэн, ахисан үр дүн гарсан байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.