Дэлхийг тамгалсан Монгол адуу, Монгол адууны өдөр
Ulsturch.mn
Нийтлэл
/
1 цаг 12 мин

Төв Азийн уудам талд морин туурайн төвөргөөн нижигнэж, дэлхийн олон орны морьтон нэгэн дор чуулах түүхэн мөч айсуй. Монголчуудын нүүдлийн соёл иргэншил, төрт ёс, ахуй амьдралын салшгүй хэсэг болсон адууг алдаршуулсан анхны "Дэлхийн адууны өдөр-2026" олон улсын арга хэмжээ энэ сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолыг баталж, жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг Дэлхийн адууны өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь Монголын морин соёл, нүүдлийн өвийг дэлхийн хэмжээнд үнэлэн хүлээн зөвшөөрсний тод илэрхийлэл болсон юм.

Энэ удаагийн арга хэмжээ нь зөвхөн баяр ёслол бус, адууны өв соёл, морин спорт, олон улсын хамтын ажиллагааг нэгтгэсэн дэлхийн хэмжээний чуулган байх юм. Дэлхийн 56 улсын төлөөлөгчид, морин холбоод, морин заслын төвүүд, эрдэмтэн судлаачид Монгол Улсад хүрэлцэн ирж, салбарын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааны талаар хэлэлцэхийн зэрэгцээ монголчуудын олон зуун жилийн өв уламжлалтай танилцана.

Арга хэмжээний оргил үйл явдал нь долоодугаар сарын 13-нд Хүй долоон худагт болох 10 мянган морьтны ёслолын парад юм. Монгол орны өнцөг булан бүрээс 21 аймаг 330 сумаас ирсэн шилдэг морьтон, уяачид гадаадын төлөөлөгчидтэй мөр зэрэгцэн жагсаж, үндэсний хувцас, морин соёл, уламжлалаа дэлхий дахинд толилуулна. Туурайн төвөргөөнөөр нэгэн зэрэг амилсан Хүй долоон худагт Монголын нүүдэлчдийн сүр хүч, морин соёлын өв, үндэстэн бүрийн онцлог нэгэн дээвэр доор уулзах нь энэ арга хэмжээний хамгийн бэлгэдэлтэй агшин байх болно. Мөн арга хэмжээний хүрээнд хурдан болон жороо морины уралдаан, морин поло, морьт харваа, адууны тоног хэрэгсэл, арьс ширэн эдлэлийн үзэсгэлэн, эмнэг булгиулах, морь уургалах, айрагны соёлын танилцуулга, язгуур урлаг, уламжлалт зан үйл, үндэсний гар урлал зэрэг олон талт хөтөлбөр хэрэгжинэ.

Монголчуудын хувьд адуу бол зөвхөн уналга, мал сүрэг бус төрт ёс, эрх чөлөө, төрт ёс, үнэнч нөхөрлөлийн бэлгэдэл юм. Нийслэлийн төв талбайд сүндэрлэх жанжин Д.Сүхбаатарын морьт хөшөө, Төрийн ордны өмнөх Их эзэн Чингис хааны хөшөөний хоёр талд залрах Боорчи, Мухулай жанждын морьт хүрэл хөшөө зэрэг нь монголчууд адуугаа зөвхөн эдэлж хэрэглэдэг бус, төр, түүх, үндэсний бахархлын дээд бэлгэдэл болгон эрхэмлэн дээдэлж ирсний тод илэрхийлэл билээ.

Монгол адуу олон зууны турш байгаль цаг уурын хатуу нөхцөлд дасан зохицож, өөрийн гэсэн онцлогийг бий болгосон. Тэсвэр хатуужилтай, холын замд шантрашгүй, уудам талын амьдралд зохицсон энэ чанар нь Монгол адууг дэлхийн бусад адуунаас ялгаруулж чаддаг юм.

Монгол орны бүс нутаг бүр адууны өөрийн гэсэн өнгө төрхтэй. Сүхбаатарын Галшарын хурдан угшил, Хөвсгөлийн дархад цагаан адуу, Завханы Тэсийн голын адуу, гэх мэт угшилтай хурдан хүлгүүд нь монгол хурдан морины түүхэнд нэрээ үлдээсэн байдаг. Хурдан морь гэдэг зөвхөн уралдаанд түрүүлэх тухай ойлголт биш. Түүний цаана уяачийн хөдөлмөр, адуу таних ухаан, үеэс үед дамжин ирсэн мэдлэг оршдог. Сайн хүлгийг монголчууд хурднаас нь гадна удам угшил, тэсвэр, эзэнтэйгээ зохицох шинжээр нь үнэлдэг нь адуугаа дээдэлж ирсэн соёлын нэг илрэл юм.

Монголчууд адууныхаа зүсийг хүртэл онцгойлон нэрлэж, хээр, хүрэн, хонгор, зээрд, бор, халтар, саарал зэрэг олон янзаар ялган таньдаг. Адууны өнгө зүс бол зөвхөн гадаад төрх бус, тухайн хүлгийн төрх, онцлогийг илэрхийлдэг монгол ахуйн нарийн мэдрэмж билээ.

Дэлхий дээр 60 сая орчим адуу байдаг бөгөөд Монгол Улс 5.1 сая орчим адуутай. Энэ нь дэлхийн нийт адууны ойролцоогоор 8 орчим хувийг эзэлж байгаа үзүүлэлт юм. Гэхдээ Монгол адууны үнэ цэнэ зөвхөн тоондоо бус, олон зуун жилийн турш нүүдлийн амьдралтайгаа зохицон хадгалагдсан тэсвэр, удам угшил, өвөрмөц чанарт оршдог.

Монголчууд адуугаа дээдэлдэг сэтгэлгээ түүхэн дурсгал, бүтээлүүдэд ч мөнхөрсөн байдаг. Нийслэлийн төв талбайд сүндэрлэх жанжин Д.Сүхбаатарын морьт хөшөө, Их эзэн Чингис хааны хөшөөний хоёр талд байрлах Боорчи, Мухулай жанждын морьт хүрэл хөшөөнүүд нь морь монголчуудын хувьд ямар гүн утга, бэлгэдэлтэй болохыг харуулдаг. Эдгээр нь адууг зөвхөн ахуйн хэрэгцээний бус, түүх, төр, үндэсний бахархлын нэг хэсэг хэмээн ойлгож ирсний илэрхийлэл юм.

Өнөөдөр адуу дэлхийн олон оронд спорт, аялал жуулчлал, соёл, эмчилгээний салбарт үнэ цэнтэй хэвээр байна. Харин Монголын хувьд адуу бол өнгөрсөн үеийн дурсгал төдий зүйл биш, өнөөдөр ч амьдрал, сэтгэлгээ, үндэсний бахархлын нэг хэсэг хэвээр.

Туурайн төвөргөөнөөр эхэлж, төрт ёсны бэлгэдлээр үргэлжилсэн монголчуудын морин соёл ийнхүү дэлхийн тавцанд шинэ хуудсаа нээж байна. Хүй долоон худгийн уудам талд зэрэгцэх 10 мянган морьтны сүрлэг жагсаал зөвхөн нэгэн арга хэмжээний оргил агшин биш, харин Монголын нүүдлийн соёл, адуугаа дээдлэн ирсэн олон зуун жилийн уламжлал дэлхий дахинд цуурайтах түүхэн мөч байх болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.