Д.ГАНХУЯГ: Энэ жил МОРИНЫ МАРГААН ГАРАХГҮЙ. Уралдах морины сэрвээг ГЭРЛИЙН ХУРДААР хэмжих “AI” технологи нэвтрүүлсэн
Батхуяг
Ярилцлага
/
1 цаг 5 мин

Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны дарга, хошууч генерал Д.Ганхуягтай хурдан морины уралдааны зам, морины хэмжилтийн маргаан дагуулдаг асуудлаар цөөн хором ярилцлаа. Жил бүрийн наадмаар уяа сойлго нь таарсан олон хүлэг стандарт хэмжээ буюу сэрвээний өндөртөө тэнцэхгүй хасагддаг, үүний улмаас олон сар, жилийн уяачийн хөдөлмөр үнэгүйддэг зүй тогтол үүсээд удаж буй. Үүнийг энэ жилийн баяр наадмаар бүрэн шийджээ.

Сайхан зусаж байна уу, та? Баярын наадмын хурдан морины уралдааны зохион байгуулах салбар комиссын бэлтгэл хэр хангагдав. Морьд уралдахад бэлэн үү..?

Сайхан, та бүхэн сайхан зүсэж байна уу. Бэлтгэл ажил 90 гаран хувьтай байна. 07 сарын 07-08-нд хурдан морь уралдах замыг тэгшилж, аюулгүй байдлыг хангана. Түүнээс өмнө засахаар бороо хур ороод зам эвдрэх эрсдэлтэй байдаг. “Дэлхийн адууны өдөр”, олон улсын морин парадын бэлтгэл гээд ажил нэлээд шахуу байна. Ямар ч гэсэн бүх зүйл төлөвлөгөө, хувиарийн дагуу бэлтгэл дуусах шатандаа орсон. Одоо сайн нягталж, хянах, дутуугаа шахаж гүйцээх ажлууд үлдсэн.

Эрийн гурван наадам бол Монголчуудын ондоошил, бахархлын нэг хэлбэр. Тэр дундаа бид чинь адуунд, хурдан мориндоо ихээхэн ач холбогдол өгдөг. Гэвч сүүлийн 10- аад жил гомдол маргаан тасрахгүй байна. Энэ жил ашгүй маргаан гаргахгүй байх шийдлийг танилцуулсан гэв үү дээ?

Яг тийм. Ер нь л гомдол маргаан тасардаггүй байсан. Энэ жилээс наадамд уралдах морьдын сэрвээг гэрлийн хурдаар хэмждэг шинэ технологи нэвтрүүлсэн. Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан стандартын дагуу уралдах морьдын сэрвээг хэмждэг болж байгаа. Жишээлбэл наадамд уралдах дааганы сэрвээний өндөр 128 см байх ёстой. Гэрлийн хурдаар уралдах даага болгоноо уяачид хөтөлж хэмжээст төхөөрөмжид оруулна.

Ингээд тухайн дааганы сэрвээний өндөр 128 см, 128,5 см байвал уралдана. Үүнээс бага байвал уралдахгүй. 128.6 см буюу 1 мм илүү бол тэнцэхгүй. Зөвшөөрөгдөх дээд алдаа нь 5 мм гэж баталгаажсан. Энэ удаад зөвхөн дааганы өндрийг жишээ татаж ярилаа. Азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн гээд уралдах нас болгоны сэрвээний өндрийн хэмжээ өөр өөр байгаа. Яг түүндээ л тулах ёстой. Ийм шинэ шийдлээр хэмжихэд бол ямар нэгэн маргаан гарахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Үүнийгээ танилцуулж, туршуулсан уу?

Тэгэлгүй яах вэ. Бүтэн жил гаран туршиж байна. Саяхан Хүй долоон худагт хэмжилтийн хэрэгслээ байрлуулаад тэр хавьд байгаа уяачдын морьдыг ч бас туршилтаар оруулсан. Ямар нэг алдаа заагаагүй. Уг нь өнгөрсөн жил энэ төхөөрөмжийг нэвтрүүлэхээр ярилцаж, оруулж ирсэн. Тэгэхэд стандарт хараахан батлагдаагүй, зөвшөөрөгдөх алдаа 10 мм заагаад байсан. Бас наадмын үеэр давчуу хугацаанд төхөөрөмж маань ирсэн учраас ашиглаагүй.

Монгол наадмаар зөвхөн МОНГОЛ МОРЬ л уралдах ёстой гээд бас л талцаад хэвлэлийн хурал хийдэг уяачид байдаг. Энэ жил уг асуудлыг яаж шийдвэрлэж байгаа бол?

Хуулиараа 2025 оны 06 дугаар сарын 01-ний дотор мэргэжлийн яам нь хурдан морины санг бүрдүүлсэн байх ёстой.

Ийм санг бүрдүүлсэн зүйл бий юу?

Бүрдүүлээгүй. Монгол морины санг бүрдүүлэхэд учир дутагдалтай, ажиллагаа ихтэй юм билээ. Дор хаяж л 20-30 мянган мориноос цусны шинжилгээ авч архив үүсгэнэ. Түүнийгээ мэдээллийн санд оруулна. Түүгээр нь хөөгөөд үзэхээр хэний ямар зүсмийн морь болох, уралддаг эсэхийг нь шууд тогтоож болно. Гэхдээ энэ ажлыг салбар нь яамнаас эхлүүлсэн байна лээ. Энэ жилдээ амжихгүй учраас бид хамгийн дөхөмтэй арга сэрвээний хэмжилт хийнэ. Үүнийг уяачдын дийлэнх нь хүлээн зөвшөөрсөн. Зөвшөөрөөгүй ч хэсэг уяач бий. Бүгдэд таалагдах ёсгүй шүү дээ. Олонх нь зөвшөөрсөн учраас энэ аргыг нь хэрэглэнэ. Хурдан морины салбар хороо бол зөвхөн уралдааныг л зохион байгуулах үүрэгтэй. Удмын сан, эзэн, үүлдэр угсааг бол салбар яамны хийх ажил.

Мэдээж гомдол маргаан гарж таараа. Тийм үед яаж шийдвэрлэх вэ?. Саяхны нэг жишээ гэхэд “Их-Хурд” уралдаанд түрүүлсэн морины эзэн арбитрын шүүхэд хандаад заргаа авсан байна.

Гомдол маргаан тасрахгүй. Өмнө нь палк метрээр хэмждэг байхад ч, дараа нь лазераар хэмжихэд ч маргаан гарч л байсан. Одоо харин хүний оролцоог багасгаад AI шийдлийг нэвтрүүлж байна. Уяач морио хөтлөөд л хэмжих төхөөрөмж рүү орно. Түүнийг нь бүх талаас камераар хянана. Дээр нь телевизүүдээр шууд дамжуулна. Ер нь хамгийн гол зорилго нь маргаан гаргахгүйн тулд л ийм шийдэл хэрэгжүүлж байгаа юм.

Энэ жилийн улсын бар наадмаар турших нь. Болж байвал, бүх аймаг, сумд нэвтрүүлэх үү?

Тэгнэ. Эхлээд энэ наадмаар хэгрэглээд үзье. Маргаангүй байвал цаашид нэвтрүүлнэ.

Та энэ салбар хороог ахлахаас гадна бас “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний олон улсын морин уралдааныг хариуцаж байгаа. 10.000 морьтон цуглах энэ нүсэр арга хэмжээнд гадаадаас хэд орчим улсын төлөөлөгчид оролцох вэ?

Яг өнөөдрийн байдлаар төчнөөн хүн ирнэ, өчнөөн хүн оролцоно гэсэн нарийн тоо нэгтгэгдээгүй байна. Бид гадны улсуудад морин парадад оролцох эрхийг нь олгож, урилга хүргүүлсэн. Манай комиссын гишүүн Б.Наранбадрал Арабд очиж урилга өгсөн. Тэднийхээс ирэх сонирхол их байна лээ. Морин парадад 10.000 гаруй морьтон оролцохоор бүртгүүлсэн байгаа. Гэхдээ баруун бүс нутагт шүлхий өвчин дэгдсэнтэй холбоотойгоор баруун аймгаас оролцох хүмүүсийг хасна. Гадны жуулчид морь унаад парадад оролцох бүрэн боломжтой. Бид жуулчдад зориулаад 100 гаруй морь бэлдсэн. Үнэхээр оролцох сонирхолтой хүнийг дадлагжуулж, туршилтаар явуулна. Наанаа соёлын том арга хэмжээ боловч цаана оролцогчдын аюулгүй байдал чухал шүү дээ.

Малчид, адуучид өөрсдөө гадны зочид, оролцогч, жуулчдад номхон морио унуулах, түрээслэх, зарах ийм бололцоо бүрдэх үү?

Тийм эрх нь нээлттэй. Тухайн малчин нь зарна уу, түрээслэнэ үү, хөтлөнө үү гэдгийг өөрсдөө шийднэ. Бид аюулгүй байдал талд л анхаарна.

Малчид, иргэд хаанаач хамаагүй оролцох бүрэн боломжтой биз дээ?

Тийм. Малын бэлчээрээсээ, гэрийнхээ гаднаас, отроосоо, нутгаасаа. Хаанаас л бол хаанаас морьтой жагсаалд оролцох эрх нь нээлттэй. 07 дугаар сарын 12-нд хурдан морины барианы газраас цааш дөрвөн бээрийн зайд оролцогчдын 13 отог байгуулна. Морьт жагсаалд оролцож хүмүүс бүс бүсээрээ, аймаг нийслэлэрээ хуваагдаг цуваанд орно. 13-нд цуваа татчихна. Хамгийн арын эгнээнд малчид, жуулчид, сайн дурынхан оролцохоор зохион байгуулалт хийгдсэн.

Баярлалаа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.