МОНГОЛЫН ПАРЛАМЕНТ ЕСӨН ХҮНИЙ ГАРТ ОРОХ НЬ
Д.Оюунболд
Нийтлэл
/
2 цаг 2 мин

Улстөрчдийн дунд нэгийгээ “ТҮГЖИЛДЭХ” механизм бий болгох ноцтой эрсдэл дагуулж байна.

“Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” хэмээх үг бий. Өнөөгийн Монголын төрд энэ үг эсэргээрээ хэрэгжих эхлэл тавигдлаа гэхэд хэтрүүлсэн болохгүй. Ийм аюултай зааг дээр Монголын улс төр ирсэн нь Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар  гишүүдийг ёс зүйн үндэслэлээр эгүүлэн татах хуулийн төсөл юм. Өргөн барих үеэс хэл ам таталсан уг хуулийн төсөл  УИХ-аар хэлэлцэгдэж эхэлснээр бүр ч их  шуугиан дуулиан тарьж, талцал хагарал гүнзгийрч  байна. Өнгөц харахад шударга ёсыг тогтоох, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой мэт боловч цаад мөн чанар нь парламентын тогтолцоог задлах, гишүүдийг айдас хүйдэс дунд барьж, улстөрчдийн дунд нэгийгээ “ТҮГЖИЛДЭХ” механизм бий болгох ноцтой эрсдэл дагуулж байна.

Энэ хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байхаа больж, харин нэгнийгээ барьцаалсан, хардаж сэрдсэн бүлэглэлүүдэд хуваагдаж талцал тэмцэл идэвхжинэ.  Улс орны хөгжлийн бодлого, хууль тогтоох үйл ажиллагаа хоёрдугаар асуудал болж, харин “ХЭН ХЭНИЙГ УНАГАХ ВЭ” гэсэн далд тэмцэл, өрсөлдөгчөө намнах явуулга нэгдүгээрт тавигдана. Парламентын танхим бодлогын маргаан өрнөдөг индэр биш, улс төрийн  хор найруулдаг талбар болж хувирах аюул бодитоор нүүрлэж байна. Ёс зүй гэдэг ойлголт өөрөө тодорхой бус, субъектив шинжтэй. Хэн нэгнийг “ЁС ЗҮЙГҮЙ” гэж дүгнэх эрх мэдэл улс төрийн ашиг сонирхлоор гажуудвал яах вэ?

Ард түмнээс сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг ард түмэн, сонгогчид нь  биш, харин томилогдсон цөөн тооны хүмүүс шийддэг тогтолцоо руу бид гулсаж байна.

Өнөөдөр олонхийн эсрэг байр суурь илэрхийлсэн гишүүнийг “ЁС ЗҮЙГҮЙ” хэмээн тодорхойлоод эгүүлэн татах оролдлого хийхэд юу саад болох вэ. Мөн “ЁС ЗҮЙГҮЙ” үйлдлийг хэн яаж, хэрхэн тодорхойлох вэ. Энэ бол үзэл бодлын ялгааг шийтгэдэг, шүүмжлэлийг боомилдог шинэ хэлбэрийн улс төрийн дарамт мөн. Хамгийн ноцтой нь, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эсэхийг эцэслэн шийдэх эрхийг Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд олгох тухай заалт яригдаж буй явдал юм. Ингэснээр ердөө есөн хүний гарт 126 гишүүнтэй парламентын хувь заяаг атгуулна. Ард түмнээс сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг ард түмэн, сонгогчид нь  биш, харин томилогдсон цөөн тооны хүмүүс шийддэг тогтолцоо руу бид гулсаж байна. Энэ бол ардчиллын суурь зарчимд харшилж буй алхам. Ийм нөхцөлд УИХ бодлого боловсруулах, хууль батлах үндсэн үүргээсээ хазайж, дотоод зөрчил, өш хонзонгийн талбар болон доройтох нь гарцаагүй. Ингэвэл монгол төр мөхлийн ирмэгт очно.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг батлах, эсэхээс хамаарч хууль тогтоох чадвартай парламент байх уу, эсвэл бие биеэ устгах тэмцэлд живсэн улс төрийн талбарыг бий болгох уу  гэдэг нь шийдэгдэх нь

Гишүүд шийдвэр гаргахдаа улс орны эрх ашгийг бус, өөрийн “АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ” бодож санал өгдөг болно. Энэ нь эцэстээ чанаргүй хууль, сул дорой төр, итгэл алдсан ард түмнийг бий болгох биз. Хариуцлагыг нэмэгдүүлэх нэрийн дор парламентын дархлааг нураах нь зүйрлэвээс  “эмчилгээ” биш, харин өвчнийг улам хүндрүүлэх алхам юм. Хэрэв үнэхээр ёс зүй, хариуцлагын асуудлыг шийдэхийг хүсэж байгаа бол ил тод байдал, хяналт, сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх замаар шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, улс төрийн өш хонзонг хуульчлах замаар биш.

Өнөөдөр бид сонголтын өмнө ирээд байна. Уг нь Ерөнхийлөгч хэлж байсан даа, “Хүн биш хууль засагладаг байхын төлөө явна” гэж. Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг батлах, эсэхээс хамаарч хууль тогтоох чадвартай парламент байх уу, эсвэл бие биеэ устгах тэмцэлд живсэн улс төрийн талбарыг бий болгох уу  гэдэг нь шийдэгдэх нь. Сонгох эрхээ булаалгах уу, эсвэл  гэдгийг иргэд харах л үлдэх шив...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.