Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх ДАРХЛААЖУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ үүрэг болголоо
Батхуяг
Үйл явдал
/
38 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах таван чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

1. Томуугийн улирлын бэлэн байдлыг хангах

2026–2027 оны томуугийн улирал эхэлж буйтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг дахин үнэлж, томуугийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын нөөц, орны хүрэлцээ, хүний нөөцийн зохицуулалтыг хангахыг үүрэг болголоо.

2. Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх

Хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг дархлаажуулалт, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлж, илэрсэн өвчлөлийн эмчилгээ, хяналтыг сайжруулах, 90/70/90 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн долоо хоног бүр тайлагнаж ажиллахыг чиглэл болголоо.

3. Хүүхдийн эрт илрүүлгийг хугацаанд нь, чанартай зохион байгуулах

Нийслэлийн 332 сургууль, 607 цэцэрлэгт түшиглэн 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг 2026 оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд чанартай зохион байгуулж, хэрэгжилтийг бүрэн хангахыг үүрэг болголоо.

4. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, эндэгдлийг бууруулах

Жирэмсний хяналт, өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн илрүүлэлт, эх барих болон нярайн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулж, хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан бүрээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг даалгалаа.

5. “Чөлөөлье” аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын ачааллыг бууруулах

Шинэчилсэн 36 маягтын хэрэгжилтийг нэгдсэн аргачлалаар хангаж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэхийн зэрэгцээ цахим эмийн жор бичилтийг бүрэн хэвшүүлэх, эмийн жорын хяналтыг сайжруулж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар байгууллагуудыг хийсэн ажлаа тайлагнахаас гадна бодит үр дүнг хэмжиж, бэлэн байдлаа ханган, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгаж ажиллахыг онцоллоо.

Мөн эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэхэд гол ачааг үүрч буй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд, тэр дундаа өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад талархал илэрхийлж, ажиллах нөхцөл, илүү цагийн асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Өвчлөл нэмэгдсэний дараа арга хэмжээ авах бус, урьдчилан сэргийлж, иргэн бүрд шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь бидний үндсэн зорилго юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.