Ү.ОЮУНЗУЛ: Хэдэн тэрбумаар нь ХУЛГАЙЛЖ, ХУВЬДАА АВДАГ улстөрчид алгын чинээхэн ҮРСЭЭСЭЭ АЯГА ХООЛНЫ МӨНГӨ БИТГИЙ ХАРАМЛА
Батхуяг
Үйл явдал
/
14 мин

Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна. Эл өдрийн талаар НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул дараах санааг иргэддээ хуваалцжээ.   Миний дүгнэлтээр, Монгол Улс хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд төдийлөн анхаардаггүй. Шат шатны нутгийн удирдлагын байгууллагууд бүр тоодоггүй. Мөн хүүхдийн асуудлыг нийгэмд эмэгтэй улс төрчдийн ярих сэдэв, гэр бүлд нь ээж нь хариуцлага хүлээх ёстой гэж зөрүү боддог. Бид бүгд л хүний эцэг, эх болсон, болно шүү дээ. Тэгэхээр “хүүхэд” бүгдийн сэдэв, бүгдийн хүлээх ёстой хариуцлага биш гэж үү ?

Үүнийг цөөхөн тоо баримтаар нотолъё. Нийт хүн амын гуравны нэгийг эзэлж байгаа хүүхдүүдийн маань дөнгөж 2 хувь нь хөгжлийн үйлчилгээ авч байна. Нэг жилд 3000-4000 айл өрх гэр бүлээ цуцлуулж байна. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа дөрвөн асуудал тутмын нэгэнд нь хүүхэд холбогдож, өртөж байна. Зам тээврийн осолд жилд дундаар 60 гаруй хүүхэд өртөж нас барж байна. Эцэг, эх, асран хамгаалагчид үр хүүхдээ хараачээ, анхаараачээ, хайрлаачээ !

Сургууль, цэцэрлэгт сургаад, хооллож ундлаад байгаа юм биш үү гэж хэлэх байх. Энэ бол Монгол Улсын иргэн болж мэндэлсэн хүүхэд бүрийн Үндсэн хуулиар олгогдсон эрх. Тэгээд ч Монгол хүүхдүүдийн дийлэнх нь чанаргүй боловсрол эзэмшдэг. Сургуулийн хүүхдийн хоолны мөнгө 5845 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө 8800 төгрөг болж батлагджээ, чааваас. Өсөж торниж байгаа үр хүүхдэдээ ганц удаа цайны газар ороод таваг хоол авч идэж хүрэхгүй, CU ороод 2 мантуун бууз, аяга цай авч уух хэмжээний мөнгөөр өдөржин хоолло гэж өгдөг харамч төсөвтэй улс гэдэгтээ үнэхээр харамсдаг.

Барилга байшин, зам болохоор хэдэн тэрбумаар нь тавина, нэмээд хэдэн тэрбумаар нь хэрэг үүсгэнэ. Тэгснээ алгын чинээхэн үрсдээ харам байхаа бүх шатандаа болимоор байна.

Улс оронд маань хүн амын бодлого, гэр бүлийн бодлого гэх зүйл байхгүй учраас өсөж, үржихээ ч болих нь шиг байна. Төрөлт жил бүр 10 хувиар буурч байгаа. Салж сарнисан гэр бүл, эцэг, эхийн үйлдэлд үр хүүхэд нь хамгийн их хохирч, өнчирч байна. Гэр бүлийн тухай хууль нь шинэчлэн батлагдах гэж 10 гаран жил дуншлаа, энэ хооронд юу болов ... Одоо он гараад хэрэгжиж, хөрсөн дээрээ буух гэж хэдэн жил болно. Бид одоо цагт хүүхэд багачуудаа хөгжүүлж, хамгаалахгүй бол ирээдүй цагт эх орноо хэнд үлдээх вэ. Одоо байгаа бидэн шиг нийгэм тогтвол гэрэл гэгээ харагдахгүй байна.  “Ер нь бид, өрх гэртээ ч тэр өргөн улсаараа ч тэр үр хүүхдээ орхигдуулаад байна шүү” гэж Дэлхийн хүүхдийн өдөр хэлмээр санагдаад бичлээ.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.