Монгол Улсад ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Цэндийн Сүхбаатартай ярилцлаа.
-2026 онд Монгол Улсад ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Үе үеийн ахмадын байгууллагын нийгэмд гүйцэтгэсэн үүргийн талаар Та юу гэж үздэг вэ?
-Монголын ахмад буурлууд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцлийн баатарлаг түүх бүтээсэн. Үүнийг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны түүх бэлхнээ гэрчилнэ.
Монгол оронд боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын цоо шинэ хөгжлийн үрийг тарьж, ард түмнээ соён гэгээрүүлэх, эрдэм мэдлэгт хөтлөх, эрүүлжүүлэн саруулсгах эрхэм үйлсийн манлайлагчид байсан. Чухамхүү ахмадуудын маань гараар л Монголд үйлдвэржилт, хөдөө аж ахуйн хоршоолол, атар газар эзэмших хөдөлгөөн эрчээ авсан. Ази тивд анх удаа тайван замаар ардчилсан тогтолцоо, зах зээлийн нийгэмд шилжих хувьсгал өрнөж, ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгмийг төлөвшүүлэн, дэлхий нийттэй хөл нийлэн алхах үйл явц өнөөгийн ахмадуудын чин сэтгэл, хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон. Өнгөрсөн 95 жилийн хугацаанд Монголын үе үеийн ахмадын байгууллага ахмад настнуудаа эрхэмлэн хүндэтгэх, эрдэм мэдлэг, туршлага чадварыг нь хөгжил дэвшлийн хүчирхэг хөшүүрэг болгох, ахмад-дунд-залуу үеийн гурамсан холбоог бэхжүүлэх, тэдний нийгмийн сайн сайхны төлөөх үйлс зорилгыг нь дэмжин туслахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Түүнчлэн тэднийхээ амьдрал ахуйд дэмжлэг үзүүлэх, асрамжлан халамжлах, хүндэтгэн алдаршуулах төр, засгийн нэгдмэл бодлогын тогтолцоо бүрдүүлэхэд онцгой анхаарсан.
-Монголын ахмадын холбооны (МАхХ) үйл ажиллагааны үндсэн чиглэл нь юу вэ. Хэр үр дүнтэй байгаа гэж Та боддог вэ?
-МАхХ төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ахмадуудыг нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах, хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх, насжилтын талаар нийгэмд эерэг хандлага, зан байдлыг төлөвшүүлэх, улсын хэмжээнд ахмадуудын аж байдлыг судлан дүгнэж, санал санаачилга, бодлого зорилго дэвшүүлэх, ахмадуудын санал бодлыг сонсох, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, сурталчлах зэрэг асуудлаар Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлсөн Яамтай гэрээ байгуулан ажилладаг.
Товчхон хэлбэл МАхХ-нд хуулиар, өөрийн дүрмээр олгосон эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаа өрнөж байна. Ахмад настны тухай хууль 2024 онд шинэчлэгдэн баталж, ахмад настны халамж, үйлчилгээ, хөгжил рүү чиглэсэн олон чухал заалт шинээр орсон. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр цөөнгүй журмыг Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас батлаад байна. Хууль болон тогтоол, журмуудыг хэрэгжүүлэх чиглэлээр төр, засгийн төв, орон нутгийн болон бүх түвшний байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах шаардлага нэн чухал байна. Манай Холбооны ойрын үеийн үндсэн зорилго үүнд чиглэж байгаа. Шинэчлэгдсэн хуулиа бүрэн дүүрэн хэрэгжүүлээд ажиллах юм бол ахмадуудын маань Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах, төр, нийгмийн халамж, хайр, хүндлэлд орших харилцаанд томоохон өөрчлөлт гарна.

Манайхан олуулаа. Тэтгэвэр авч буй 400 мянга гаруй ахмад байна. Нийслэл, бүх аймаг, дүүрэг, 330 сум, 1500 гаруй багт Ахмадын холбооны салбар нэгжүүд ажилладаг. Ажил мэргэжлийн салбараар байгуулагдсан болон байгууллагын дэргэдэх Ахмадын байгууллага цөөнгүй. Хагас мянга шахам Ахмадын өргөө, ордон үйл ажиллагаа явуулж байна. Тэнд ахмадуудын хөгжлийг дэмжсэн сургалт, дамжаа хичээллэж, соёл, урлаг, спортын олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа.
Үйл ажиллагааны үр дүнг би өөрөө дүгнэх боломжгүй. Ахмадууд маань үнэлнэ. Ээлжит Их хурлын хугацаа ойртож байна. Их хурлаараа тайлангаа тавьж, дүнгээ тавиулдаг журамтай.
Манай Ахмадын байгууллагууд шиг орон даяар, тогтмол, үр дүнтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага нэг их олонгүй байх аа.
-Та МаХХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдоод 10 гаруй жил болж байна. Та бол нийгмийн даатгал, халамж үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа энэ чиглэлийн эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарсан хүн. Холбооны ерөнхийлөгчөөр ажиллахад Таны энэ давуу тал эерэг суурь болж өгдөг байх. Гэхдээ төрийн бус байгууллага, түүний дотор бие даасан, үндэсний хэмжээний ийм том байгууллагыг удирдахад амаргүй байдаг уу?
-Би 2012 оны есдүгээр сард МАхХ-ны ерөнхийлөгчөөр томилогдсон. Тухайн үед улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байлаа. Ахмадын ууган байгууллагад үзүүлдэг төр засгийн дэмжлэг зогсож, санхүүжилт нь Монголын ахмадын чөлөөт холбоо гэдэг байгууллагад шилжсэн байв. Санхүүжилт байхгүйгээс Монголын ахмадын төв, орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаа үндсэндээ дөрвөн жил тасарч, хүч нь суларч, ажил нь цалгардсан. Тэр хэрээр ахмадуудын дунд талцал хуваагдал ч бий болсон. Гэхдээ 2016 оноос МАхХ, түүний салбар нэгжүүд дахин “амилж”, Монгол Улсын Засгийн газар, аймаг, орон нутгийн Засаг дарга нартай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж, хуулиар заасан санхүүгийн дэмжлэгийг авч байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд орон нутгийн ахмадын байгууллагууд бэхжиж, төр, засгийн бодлого илүү тодорхой болсноор Ахмадын байгууллагын үйл ажиллагаа илүү дэвшилттэй, шинэ шатанд гарсан гэж хэлж болно.
Төсөв, санхүүгийн хувьд хүндрэлтэй асуудлууд бий. Гэхдээ төр, засгийн дэмжлэгийг бид чамлаж болохгүй. Боломж нөөцөө зөв ашиглах, бага өртгөөр илүү үр дүнд хүрэх нь бидний зорилго. Манай ахмадууд ямар ч ажилд маш идэвхтэй, бүтээлч ханддаг, зовлон бэрхшээл тоочихоосоо болгож бүтээхийг урьдал болгодог сайхан хүмүүс. Тэдний үзсэн туулсан амьдрал, туршлага, мэдлэг, авьяас, чадвар нь юуг ч даван туулах хаттай болгосон байдаг. Энэ их баялгийг зөв ашиглахад түлхүү анхаарах цаг болсон байна. Төрийн бодлого ч ийшээ чиглэж байгаа. Тэтгэвэрт гарлаа гээд гэртээ хэвтээд байх биш, өөртөө тохирсон хөдөлмөр эрхлэх, тэр хэрээр орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах заалтууд шинэчлэгдсэн хуульд туссан. Хуулийн энэ үзэл баримтлалыг ажил хэрэг болгож чадвал их зүйл өөрчлөгдөнө. Аргаа барсан ахмадууд тэтгэврээ нэмүүлье гэж хөхөө өвлийн хүйтэн, хаврын хавсарганд жагсаж цуглах ч шаардлагагүй болно.
-Жагсаал, цуглаан гэснээс 2025, 2026 оныг дамнан ахмадууд тэтгэврээ нэмүүлэх шаардлага тавьж, Төрийн ордны хашааны гадна цуглаж жагслаа. Энэ мэт үйл ажиллагаанд МАхХ яаж ханддаг вэ?
-Яах юу байхав. Ахмадуудынхаа талд зогсоно. Тэдэнтэй уулзана, асуудлыг судална, бодит тооцоо судалгаагаар хангана. Мэргэжлийн зөвлөгөө өгнө. МАхХ ахмадуудын тавьсан шаардлагын дагуу Засгийн газарт шаардлага тавьж, мэдэгдэл хүргүүлсэн. Түүний дагуу Засгийн газар МАхХ-ны төлөөллийг хүлээн авч уулзсан. Хоёр талаасаа уулзаж, зөвшилцсөний үндсэн дээр 2026 оны төсөвт тэтгэврийн нэмэгдэлд зориулан 400 гаруй тэрбум төгрөг суулгуулсан. Гэхдээ ингэлээ гээд бүх асуудал шийдэгдсэн, ахмадуудын шаардлага үр дүнд хүрсэн гэж ойлгож болохгүй.
-Ер нь тэтгэврийн нэмэгдлийн асуудал бараг 30 жил үргэлжиллээ. Нэг мөр шийдчихэж болдоггүй юм уу. МАхХ энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 болго гэдэг бол одоо манай ахмадуудын тавьж байгаа шаардлага. Тэдний шаардлагыг хүндэтгэн үзэх ёстой. Гэхдээ доод тэтгэврийг нэмэх нь асуудлын зөвхөн нэг тал. Тэтгэврээ тайруулж, хэрчүүлээд, авах ёстой тэтгэврээ авч чадахгүй байгаа 170 мянга гаруй ахмадуудыг яах вэ гэдэг өөр нэг асуудал бий. Тэтгэврийн доод хэмжээг нэмлээ гэхэд улсад 30-40 жил ажилласан, тэр хэрээр арай гайгүй тэтгэвэр тогтоолгосон хэсэг нь хохирч болохгүй. Улс орондоо илүү ихийг хийж бүтээснээрээ тэд буруутан болж таарахгүй. Тэтгэврийн зөрүүний асуудал байна.
Монголд өнөөдөр 400 гаруй мянган ахмад настан байна гэж би дээр хэлсэн. Жил ирэх тусам энэ тоо ихсэнэ. Ахмадууд манай нийт хүн амын 10 орчим хувийг эзэлж байгаа. 2050 он гэхэд 20 хувьд хүрч, 500.000 ахмад настантай болно гэсэн судалгаа байдаг. Ахмад настантай холбоотой шийдвэрлэх асуудлууд ар араасаа гарч ирэх нь ээ гэсэн үг. Ялангуяа амьжиргааны асуудал. Амьжиргаа гэхээр өнөөх тэтгэврийн асуудал л яригдана. Энэ асуудлыг хойшлуулж, удаашруулалгүй, нэг мөр шийдчихвэл зөв, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх ёстой гэсэн байр суурийг МАхХ баримталдаг.
-Монгол Улсад ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд ямар ажил зохион байгуулагдаж байгаа вэ?
-Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр Монголын ахмадын байгууллагын 95 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гарч, уг ойн хүрээнд бүтэн жилийн турш зохион байгуулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Ойн хүрээнд ахмад настны чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хувилбарт үйлчилгээнд илүү өргөн хүрээнд хамруулах, төв, орон нутагт ахмадууд руу чиглэсэн бүтээлч ажил, арга хэмжээ өрнүүлэх зэрэг ажил хэргийн шинж чанартай үйл ажиллагаанд түлхүү анхаарч байгаа.
Ахмадуудын ажил амьдрал, түүхэн замнал, хүндлэл бахархлын сэдэвт гэрэл зургийн уралдаан зарласан. Ахмад, өсвөр үеийнхний нандин холбоог бэхжүүлэх зорилготой зохион бичлэгийн уралдааныг ЕБС-ийн бага насны сурагчдын дунд зарлаад байна. Эдгээр уралдааны дүн удахгүй гарна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран “Идэвхтэй насжилт-Дасгал хөдөлгөөн” аяныг улсын хэмжээнд эхлүүллээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төр, засгийн ахмад зүтгэлтнүүдийн нэрэмжит төгөл байгууллаа. Манай ахмадууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй хамрагдаж байгаа. Түүний нэг хэсэг нь энэ төгөл болж байна. “Гурван үеийнхний чуулга уулзалт” зохион байгуулна. Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран хийхээр төлөвлөсөн. Төв, орон нутгийн ахмадын байгууллагууд маань 95 жилийн ойгоо угтаж, аймаг, орон нутагтаа олон ажил төлөвлөж, хэрэгжүүлж байгаа.

Ой тэмдэглэх нэг хэрэг. Ойн хүрээнд ахмад настнуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг нь хамгаалах, хангахад ямар ахиц гаргах вэ, тэдний амьдралын баталгааг бүрдүүлэх, асран халамжлах, дэмжин түших чиглэлээр төрөөс иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг ямар нэг алагчлалгүй, шударга, адил тэгш, хүртээмжтэй хэрэгжихэд ямар шинэлэг алхам хийх вэ, ахмадын байгууллагын ойрын үеийн зорилт хаашаа чиглэх вэ гэдгийг тодорхойлох гэх мэт үлдэцтэй, өгөөжтэй ажил, арга хэмжээ өрнүүлэх нь чухал гэж бид үзэж байгаа. Ахмадаа хүндэлдэг, тэднээр бахархдаг, дэмжин тусалдаг монгол ёс уламжлал алдагдаж болохгүй. Монголчуудын дэвшил хөгжилд дөтлөх замыг хэн засаж, хэний хүч хөлс, итгэл сэтгэлээр өнөөдөрт ирсэн бэ гэдгээ бид бодох ёстой цаг болж.
Ахмадууд бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээний үнэ цэнэ нь, уламжлан өвлөх ёстой мэдлэг, туршлагын хуримтлал буюу баялаг мөн гэдгийг жинхэнээр ойлгон ухаарч, түүний ач холбогдлыг үнэлэн дээдэлж чаддаг болсон цагт улс орны ирээдүй гэгээн саруул болдгийг хүн төрөлхтний түүх гэрчилж байна. Энэ ухаарлаас Монгол Улс хоцорч, гээгдэж болохгүй.
-Танд баярлалаа.
С.Борхүү
-
21 цаг 51 мин
-
22 цаг 1 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Өчигдөр 08 цаг 36 мин
-
2026-05-28
-
2026-05-27
-
2026-05-28
-
2026-05-28