Баян-Өлгий аймагт Казахстан Улсын консулын газар байгуулах тухай мэдээлэл гарснаас хойш Монголын сошиал орчинд үндэстэн, иргэншил, тусгаар тогтнолын тухай маргаан өрнөв. Хэдхэн хоногийн өмнө дипломат харилцааны хүрээнд яригдаж байсан асуудал өнөөдөр улс төр, үндэсний аюулгүй байдал, үндэстэн хоорондын харилцааны сэдэв болж хувираад байна. Маргааны гол шалтгаан нь консулын газар өөрөө биш. Харин олон нийтийн үл итгэлцэл, улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдэл, цахим орчны хэт туйлшрал байв.

Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын Монгол Улсад хийсэн айлчлалын үеийн хэлэлцээнээс эхтэй. Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Казахстаны талаас Баян-Өлгий аймагт консулын газар байгуулах асуудлыг хөндсөн билээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн айлчлалын үеэр уг асуудал дэмжигдсэн. Харин дипломат түвшинд яригдсан энэ шийдвэр олон нийтэд хүрэх үедээ өөр өнгө аястай хүрж эхлэв.
Цахим орчинд "нутаг дэвсгэрийн асуудал", "салан тусгаарлах эрсдэл", "давхар иргэншил" зэрэг сэдэв хүчтэй сөхөгдөж эхэлсэн. Гэвч олон улсын практикт консулын газар нь тухайн улсын бүрэн эрхт байдалд халддаг байгууллага биш. Харин худалдаа, виз, иргэдийн үйлчилгээ, соёлын харилцааг хариуцдаг дипломат төлөөлөгчийн газар юм. Гадаад харилцааны яам ч үүнийг тодорхой тайлбарлаж, Баян-Өлгийд консулын газар байгуулах нь иргэдийн харьяалал, засаг захиргааны статус өөрчлөгдөхтэй ямар ч холбоогүй болохыг мэдэгдсэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аубакир энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ Монгол Улс өөрөө ч гадаад орнуудад консулын байгууллагуудтай, Эрэн, Хөх хот зэрэг хотуудад Монголын консулын үйлчилгээ ажилладаг, мөн бусад улсын консулын байгууллагууд Монголын хотуудад үйл ажиллагаа явуулдаг нь олон улсын харилцааны хэвийн жишиг гэдгийг тайлбарласан. Түүний байр суурь бол консулын газар гэдэг нь тухайн улсын нутаг дэвсгэрт өөр эрх мэдэл бий болгох асуудал биш, харин иргэдэд үйлчилгээ үзүүлэх, хоёр улсын харилцааг дэмжих дипломат механизм гэсэн тайлбар байв. Гэхдээ иргэдийн болгоомжлолыг зөвхөн буруу ойлголт гэж харах нь бас өрөөсгөл. Учир нь Монгол Улсын хувьд газар нутаг, хэл, соёл, тусгаар тогтнол гэдэг түүхэн мэдрэмжтэй сэдэв. “Усыг нь уувал, ёсыг нь дага” гэдэг үг бий. Аль ч улс оронд амьдарч байгаа хүн тухайн улсынхаа хууль, төрийн тогтолцоо, нийтлэг үнэт зүйлийг хүндэтгэх ёстой гэсэн санаа энд яригдаж байна.

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн М.Нарантуяа - Нарагийн сошиал орчин дахь байр суурь мөн олон нийтийн анхаарлыг татаж, маргаан дагууллаа. Түүний хөндөж буй гол санаа нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа иргэн бүр Монголын хууль, төрийн албан ёсны хэл, үндэсний үнэт зүйлсийг хүндэтгэх ёстой гэсэн байр суурь байв. Энэ бол олон иргэний дотор байдаг үзэл. Баримт нотолгооноос илүү сэтгэл хөдлөлд тулгуурласан тайлбарууд олон нийтийн айдас, бухимдлыг нэмэгдүүлсэн бол эсрэг тал нь аливаа болгоомжлолыг бүхэлд нь үндсэрхэг туйлшрал хэмээн үгүйсгэх хандлага гаргав.
Харин өнөөдрийн маргааны хамгийн эмзэг хэсэг нь зөвхөн консулын газар биш. Баян-Өлгий аймагтай холбоотой хэл соёл, газар нутгийн нэршил, бэлгэдлийн асуудлууд өмнө нь хөндөгдөж ирсэн. “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг нэг асуудлаар хязгаарлагдахгүй.
Консулын газрын тухай маргаан эцэстээ нэг үнэнийг харууллаа. Монголын нийгэмд асуудал нь Баян-Өлгий аймаг биш харин мэдээллийн хомсдол, харилцан үл итгэлцэл, улс төрийн аливаа асуудлыг хурдан улс төржүүлдэг хандлага. Консулын газар байгуулагдах эсэх асуудал цаг хугацааны эрхээр шийдэгдэнэ. Төрийн байгууллагын мэдээлэлд итгэх итгэл буурсан энэ үед консулын газрын асуудал ч мөн адил хардлагын нүдээр харсан бололтой...
Нийтлэлч ОЙНОО...
Холбоотой мэдээ
-
20 цаг 51 мин
-
Уржигдар 17 цаг 54 мин
-
2026-06-19
-
2026-06-19