УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн/2025.05.06/ хуралдаанд Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийг талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсч байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
Монгол Улсад эрчим хүчийг бодит өртгөөс доогуур буюу 1 кВт цахилгааны өөрийн өртөг 280 төгрөг байхад хэрэглэгчээс авах цахилгааны дундаж тариф 2023-2024 онд 216 төгрөг, айл өрхийн тариф дунджаар 140 төгрөг буюу бодит өртгөөс хоёр дахин доогуур үнээр тогтоогдож ирсэн. Үүний улмаас нүүрсний уурхай, нүүрсний төмөр замын тээвэр болон эрчим хүчний салбар нийтдээ 2024 онд 355 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарч, хуримтлагдсан богино хугацааны өр төлбөр 357 тэрбум төгрөгт хүрч, түлш эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрсний хангамж, хэвийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд аваар осол гарч болзошгүйн эрсдэл үүссэн. Бэлтгэгдсэн ажиллах хүчний хомсдолд орсон, ажилчдын цалинг банкнаас зээл авч тавихад хүрсэн зэрэг хүндрэлүүд гарч байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт хүргэх шинэчлэн тогтоох зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ний өдрөөс нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тухайлбал, цахилгааны дундаж тариф 216 төгрөгөөс 280 төгрөг хүрч нэмэгдсэн. Олборлох боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 294 төгрөгөөс 342 төгрөг, бусад үйлдвэрлэлийн тариф 222 төгрөг байсныг 291 төгрөгөөр, айл өрхийн дундаж тариф 140 төгрөг байсныг 212 төгрөг болгож өөрчлөн нэмэгдүүлсэн гэлээ.
Мэдээллийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
-Цахилгааны үнийн нэмэгдэл ард иргэд, аж ахуй нэгжид хэрхэн тусч байна вэ. Эдийн засаг хүнд байгаагаас аж ахуй нэгж, иргэд хүнд байдалтай байна. Цахилгааны үнийн өсөлт санхүүгийн дарамт учруулж байгаа. Эрчим хүчний салбараа аврахын тулд Засгийн газар, УИХ нийлж байгаад ард иргэд, аж ахуй нэгжүүддээ энэ ачааллыг үүрүүлсэн. Хэдэн айл өрх хөнгөлөлтөд хамрагдаж байгаа вэ гэдэг тоон мэдээлэл алга.
Цахилгааны үнэ өсссөн нь ядуурлын төвшинд нэмэгдэхэд нөлөөлсөн үү, нарийвчилсан судалгаа байна уу. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд дундаж давхаргад байгаа айл ядууралд өртдөг.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Шийдвэр гаргахын өмнө бид нар судалгаа хийж таарна. Цахилгааны үнээс гадна дулааныг нэмэгдүүлбэл инфляцид хэрхэн нөлөө үзүүлэх вэ гэдэг тооцоог Монголбанк, Үндэсний статистикийн хороо хоёр хийсэн. Ингэхдээ 2024 оны төгсгөл, 2025 он, 2026 оны эхний хагас гэхэд цахилгааны үнийн өсөлтийг дагаж инфляци 2.4 хувиар өсөх судалгаа гарсан.
Тодорхой хэмжээний хүндрэл үүсгэх нь тодорхой. Засгийн газар инфляцийг 2 оронтой тоонд бариад алдчихгүйн тулд эрчим хүчний шинэчлэлээ зогсоочихоод дулааны үнээ нэмэгдүүлж чадахгүй байна.
1990 оноос хойш олон нийтэд таалагдах гэж цахилгааны үнийг улс даяар тариф болгон мөрдүүлээд зардал нь зах зээлийн бодит бус өртгөөр гарснаас алдагдал үүрээд ирсэн салбар. Монгол Улсад зах зээлд шилжиж чадаагүй цөөн хэдэн салбар байгаагийн нэг нь эрчим хүч, зорчигч тээврийн салбар. Хуучин коммунизмаараа ч юм шиг зах зээлийн харилцаанд ч яваа юм шиг юу нь ч мэдэгдэхгүй байгаагийн нэг нь энэ.
Цаашид цахилгаантай байх уу, цахилгаангүй байх уу гэдэг харилцаанд тулж байгаа.
300 мВт -ын хэрэглээтэй айлын сарын төлбөр хуучин 35 мянган орчим төгрөг байсан бол нэмэгдүүлсэн үнээр тооцоход 52 мянган төгрөг болж, сард тэр айлын хэрэглээ 17 мянга орчим төгрөгөөр нэмэгдсэн.
Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудад арай илүү хүндрэл үүссэн тул бид нар сүүлд нь хөнгөлтийн түвшинг нэмэгдүүлж өгсөн.
Ядуурлын түвшин нэмэгдсэн үү гэлээ. Инфляци болон өрхүүдийн орлого, зарлагаас шалтгаалж ядуурлын түвшин яригдах байх.
Зөвхөн цахилгааны үнийн өсөлтөөс шалтгаалж, ядуурал нэмэгдсэн гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт болно.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 18 цаг 32 мин
-
2025-04-30