Олон нийтийн танигдалт, судалгааны үзүүлэлтээр хэн тэргүүлж байна вэ
Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн тэргүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулах учиртай. Энэ нь ирэх оны гуравдугаар сарын дотор шинэ Ерөнхийлөгчийг сонгох шаардлага үүсгэж байна. Уг нь шинэ оны нэгдүгээр сарын нэгнээс олон нийтийн анхааралд бага багаар орж, цагаан сарын дараа улс төрийн халуурал эхэлж, тавдугаар сард сонгуулийн галзуурал чинээндээ тулж, зургаадугаар сарын сүүлээр тайлал тодорхой болох байсан сонгуулийн марафон ийнхүү наашиллаа. Сонгууль наашилна гэдэг зөвхөн хугацаа богиносож байгаа хэрэг биш. Улс төрийн намуудын дотоод тооцоо, нэр дэвшигчийн сонголт, сонгуулийн штабын бэлтгэл, олон нийтийн сэтгэл зүй, өрсөлдөгчийнхөө боломжийг судлах ажил бүгд шахуу хугацаанд өрнөх болно. Тиймээс энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас илүү хурдан, илүү гэнэтийн нүүдэлтэй, улс төрийн олон тооцоо зэрэг давхцсан өрсөлдөөн болох төлөвтэй.
УИХ-д суудалтай намуудын дунд нэр дэвших боломжтой хүмүүсийн тухай яриа аль хэдийн эхэлжээ. МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарын нэр улс төрийн хүрээнд яригдаж байна.
Гэхдээ нэр яригдаж байна гэдэг албан ёсоор нэр дэвшсэн гэсэн үг биш. Намын шийдвэр, дотоод өрсөлдөөн, улс төрийн тохироо эцсийн сонголтыг тодорхойлно. Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, Д.Ганбат нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, намынхаа сонгон шалгаруулалтад оролцохоор мэдэгдсэн байна. Нөгөө талаар АН-ын дотоод сонголтод О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж зэрэг улс төрчдийн нэр ч яригдаж байгаа бөгөөд намын эцсийн шийдвэр гарсны дараа өрсөлдөөний бодит дүр зураг тодорно. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн тухай судалгаа, тандалт ч сонгуулийн өмнөх улс төрийн уур амьсгалыг тодорхой хэмжээнд харуулж байна. Үндэсний хэмжээний судалгаануудын заримд Г.Занданшатар, Н.Алтанхуяг нар нам тус бүрийн боломжит нэр дэвшигчдийн дунд өндөр үзүүлэлттэй гарсан тухай мэдээлжээ.
National Opinion байгууллагын 2026 оны наймдугаар сарын судалгаанд МАН-аас нэр дэвшвэл
Г.Занданшатарыг 22.7 хувь, С.Бямбацогтыг 10.23 хувь, Л.Энх-Амгаланг 5.06 хувь нь нэрлэсэн бол АН-аас Н.Алтанхуягийг 18.88 хувь, О.Цогтгэрэлийг 7.37 хувь, Х.Баттулгыг 5.72 хувь нь нэрлэжээ.
Энэ бол сонгуулийн саналын эцсийн дүн биш, харин нам тус бүрээс хэнийг нэр дэвшвэл дэмжих тухай нээлттэй асуултын хариу. Тиймээс МАН, АН-ын үзүүлэлтүүдийг хооронд нь шууд харьцуулж, сонгуулийн ялагчийг урьдчилан тодорхойлох боломжгүй. Гэхдээ нам доторх нэр дэвшигчдийн эрэмбэ, олон нийтийн танигдалт, боломжит дэмжлэгийн талаар тодорхой зураг өгч байна. Ерөнхийлөгчийн сонгууль бол харизма, улс орны хэмжээнд танигдсан байдал, олон нийтийн хүлээн зөвшөөрөл, улс төрийн зангарагийн тулаан. Харизма гэдэг нь бусдыг өөртөө соронз мэт татах чадвар, олон нийтийн итгэлийг өөртөө төвлөрүүлэх чанар юм. Намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүн, эсвэл нийгэмд асар их нөлөө бүхий хүн нэр дэвшихэд давуу талтай байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх таамаг, улс төрийн аналитик асуудлыг хөндөж байгаа цөөнгүй хүмүүс байна. Тэр дунд нэг хэсэг сөрөг хүчний эмэгтэйчүүдийн манлайлал байж, УИХ-ын гишүүн, сайдын албан тушаал хашиж, төрийн өндөр албан тушаалтнуудын зөвлөх, туслах хийж байсан Ц.Оюунгэрэлийн сүүлийн үед нийтэлж байгаа улс төрийн аналитик судалгаанууд олон нийтийн анхаарлыг татаж байна.
Тэрээр “МАН-ын хувьд Г.Занданшатар нэр дэвших магадлал өндөр гэж олон хүн үзэж байна. УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бямбацогт нэр дэвшихгүйгээ албан ёсоор зарласнаар энэ таамаг улам хүчтэй болж байгаа юм. Б.Жавхлангийн нэр ч яригдаж байгаа боловч өөрөө албан ёсоор нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй. МАН судалгаа, тандалт дээр тулгуурлан сонгуулийн тактикаа боловсруулдаг нам. Олон нийтийн дэмжлэг хамгийн өндөр байгаа хүнээ биш, өөр хүнийг нэр дэвшүүлж, сонгуулийн өрсөлдөөнд эрсдэл үүсгэх нь намын хувьд хүнд шийдвэр байх болно. Г.Занданшатар бусад горилогчдоос олон нийтийн танигдалт, судалгааны үзүүлэлтээрээ илүү байгаа тухай хэд хэдэн судалгааны мэдээлэл гарсан. Тиймээс Ижил тэнцүү хоёр нэр дэвшигч нүүр тулсан сонгууль л олон нийтийн анхаарлыг татаж, сонгогчдыг санал өгөхөд хүргэдэг.
АН-ын хувьд хамгийн том сорилт нь зөвхөн нэр дэвшигчээ тодруулах биш, харин сонгогчдын итгэлийг нэг хүн дээр төвлөрүүлж, намын дотоод зөрчил, хуваагдлыг даван гарах явдал юм. Нөгөөтэйгүүр сонгуулийн өрсөлдөөнд ирц өндөр байх нь чухал. Энэ талаар Ц.Оюунгэрэл “Ижил тэнцүү хоёр нэр дэвшигч нүүр тулсан сонгууль л олон нийтийн анхаарлыг татаж, сонгогчдыг санал өгөхөд хүргэдэг. Наадмын дэвжээнд хоёр аварга барилдахад хотлоороо дагаж, үнээ тугал нийлэхийг хүртэл мартан нүд чих тавьж, уулга алддаг бол улсын заан бөх арван жилийн амны хүүхэдтэй барилдахад танидаг хэдээс нь өөр хэн ч тоож сонирхдоггүйтэй адил. Хэрэв Г.Занданшатар, Н.Алтанхуяг хоёр нүүр тулбал үзээтэй сонгууль болж магадгүй” гэж бичсэн байна лээ.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн ямар шалгуурыг хангах ёстой вэ гэдэг асуудал чухал. Төрийн тэргүүн бол зөвхөн улс төрийн намын нэр дэвшигч биш, Монгол Улсыг төлөөлөх хүн. Энэ утгаараа төр, нийгмийн нэр зүтгэлтнүүдийн хэн нь юу гэж хэлсэн талаар энд товчхон сийрүүлье. Тухайлбал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Гомбожав гуай “Ерөнхийлөгчид нэр дэвших хүн таван үндсэн шалгуурыг хангах ёстой. Төрийн тэргүүн хүн аливаа ажлын ард гардаг, хэлсэн бол хийдэг, зоригтой шийдвэр гаргадаг, боловсрол мэдлэгтэй, төрийн ажлын туршлагатай, ёс зүйтэй, шударга байх ёстой” хэмээн ярьжээ. Ж.Гомбожав гуaйн хэлсэнчлэн улс төрд зоригтой хүн л амжилт гаргаж, ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулдаг гэдэг үнэн. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам гуай ч төрийн тэргүүний албыг хаших хүний хувьд удам судраас эхлээд мэдлэг мэргэжил, төрийн ажлын туршлага онцгой чухал гэжээ. Г.Занданшатарыг төрийн тэргүүний албыг хаших хүний хувьд удам судраас эхлээд мэдлэг мэргэжил, төрийн ажлын туршлага онцгой чухал гэж үнэлжээ.
Сонгуулийн өрсөлдөөнд эдгээр чанар бодит дэмжлэг болж хувирах эсэх нь нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, олон нийтийн итгэл, улс төрийн нөхцөл байдлаас хамаарна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бүр өөрийн хийсэн ажил, алдаа, амжилт, ирээдүйн төлөвлөгөөг сонгогчдод тайлбарлах шаардлагатай. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших, хэн ялалт байгуулахыг өнөөдөр эцэслэн хэлэхэд эрт. Нэр дэвшигчдийн албан ёсны сонголт хараахан бүрэн тодроогүй, сонгуулийн штабын ажил эхлээгүй, иргэдийн санал бодол өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ улс төрийн өрсөлдөөн эхэлсэн нь тодорхой. Нэр дэвших магадлалтай хүмүүсийн улс төрийн карьераас эхлээд олон нийтийн дэмжлэг, намын зохион байгуулалт, сонгуулийн тактик, ирцийн асуудал хүртэл олон хүчин зүйл энэ удаагийн сонгуулийн үр дүнг тодорхойлох болно.
-
2026-11-20
-
2026-11-17
-
2026-11-17