Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-ын Ерөнхий захирал Жан Бийгл 2026 оны 10 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргалтай “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” (2025–2030) төсөл болон “Хүүхэд, өсвөр насны хүний эрхийг цахим орчинд хамгаалах, урьдчилан сэргийлэх болон эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх нь” (2026–2027) төслийн хэрэгжилт, үр дүн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран ажиллаж, 2025–2030 онд хэрэгжиж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2026 оны есдүгээр сард Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, хүний эрхэд суурилсан хариу арга хэмжээг бэхжүүлэхэд чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал “Цаашид бид харилцан итгэлцэл, үр дүнд чиглэсэн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, жендэрт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд, гэр бүлийн эрх, хамгааллыг сайжруулах чиглэлээр бодит үр дүн гаргана гэдэгт найдаж байна” гээд Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, тууштай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
-
5 цаг 58 мин