З.МЭНДСАЙХАН: Оюу толгойн төслөөс авах 3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ бэлнээр тарааж болохгүй. Тийм хууль байхгүй.
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 9 мин

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Оюу толгойн төслөөс авах гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг юунд зарцуулах талаар иргэдээс санал авч эхэлжээ. Иргэд И-Монголиа системд нэвтэрч, саналаа өгөх боломжтой байна. Мөн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгоно гэж ойлгож байгаа нь буруу гэдгийг тэрээр тайлбарлав. Ногдол ашиг иргэдийн хуримтлалын дансанд байрших бөгөөд шууд зарцуулах боломжгүй  гэсэн юм. 

Оюу толгойн ногдол ашгийн нэг их наяд төгрөгийг Ирээдүйн өв сангийн дансанд байршуулж, хоёр их наяд төгрөгийг Монгол Улсын эдийн засгийн суурь хөгжлийг тэлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Тэрбээр эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагатайг онцлоод, тулгамдаж буй томоохон асуудлын нэг нь эрчим хүчний салбар гэдгийг хэлэв. Иймээс Оюу толгойн анхны ногдол ашгаас эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах саналыг Засгийн газраас оруулж ирсэн гэсэн юм. 

Тэрээр Оюу толгойн төсөлд Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” групп хөрөнгө оруулсан хувь нийлүүлэгчид. Засгийн газар ногдол ашиг авах ёстой гэсэн байр суурьтай байгаа бөгөөд гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авахаар төсөвт тусгасан. Үүнийг хуульчлан баталгаажуулах шаардлагатай байна.  Ногдол ашиг олгох шийдвэр  гарсан. Бид байгалийн баялгийн эзэн учраас ногдол ашгаа авах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

2027 оны төсвийн төсөлд тусгасан 43 их наяд төгрөгийн орлогын гурван их наяд нь Оюу толгойн төслөөс авах ногдол ашиг юм. Засгийн газар 2027 оны төсвийн тухай хуулийг дагалдуулан нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төсөлд Оюу толгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад, нэг их наяд төгрөгийг хуримтлалын санд зарцуулахаар тусгажээ. Харин иргэд Оюу толгойн ногдол ашгийг бүхэлд нь хуримтлалын санд төвлөрүүлнэ гэвэл  дээрх хуулийн төслийг татна. Мөн Засгийн газар 40.5 их наяд төгрөгөөр төсвөө батална гэсэн юм.  

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.