УБТЗ-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга асан, Замын даргын зөвлөх Р.Раштай ярилцлаа.
-Монгол Улсад сүүлийн жилүүдэд шинээр төмөр замууд баригдлаа. Олон шинэ зам баригдсаны үр ашиг гэж байна уу?
-Байна аа... Ялангуяа ирээдүйн үр ашиг их юм. Их Дамдинсүрэн гуайн хэлснээр:
“Хахир говьд эрдэнэ бий
Хар авдарт ном бий
Хазгар өвгөнд эрдэм бий
Хамаагүй басч болохгүй шүү” гэдгийг бид ухаарч явах ёстой.
Өөрөөр хэлбэл, Говийн бүс нутаг чинь манай улс, хүн ардын “Үүц” юм. Тэгэхээр тэр үүцээ үр ашигтайгаар ашиглахад дэд бүтэц, төмөр зам зайлшгүй хэрэгтэй. Энэ төмөр замуудыг монголчууд, манай залуучууд өөрсдөө барилаа шүү дээ. Энэ нь манай хөгжлийн хамгийн том ололт, үзүүлэлт гэлтэй.
-Харбины гэрээ шүүмжлэлд их өртөж байна. Олон жил ярьсан, хүлээсэн Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын гацаа, одоо ярьж буй асуудал, ирээдүйг та юу гэж үзэж байна вэ?
-2010 онд “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” гэж бичиг баримт боловсруулагдан УИХ-аар батлагдсан юм. Тэр үед миний бие, бодвол намайг төмөр замын мэргэжлийн хүн юм болохоор ажлын хэсгийн ахлагчаар томилон ажиллуулж билээ. Тавантолгой – Гашуунсухайт хүртэл 227 км зайтай. Энэ хооронд зардал чирэгдлийг бодоод хил дээр шилжүүлэн ачилт хийхгүйгээр 1440 мм нарийн царигтай зам байгуулъя гэж миний бие санал гаргаж томьёолол хийж, нэлээд зүтгэсэн юм даг. ОХУ-ын Элчин сайд В.В.Самойленко гуай надтай энэ асуудлаар хоёр ч удаа уулзаж байлаа. За тэгээд янз бүрийн нөхцөл байдлаас болоод хийсэн томьёоллоо зөөлрүүлж бодлогын бичиг баримтаа авч гарсан юм даг. Дараагаар нь төмөр замын туршлагатай инженер Ш.Пунцагдэлэг, Төмөрбаатар нарыг явуулж үзүүлж билээ. Тэд Хятадын талтай холбох цэгээс нийлээд зайдуу бас өндөр нь багагүй зөрүүтэй баригдаж байгаа юм байна гэж хэлж ирсэн. Одоо уг ажлыг Хятадын талаар хийлгэхээр болсон юм байна. Энэ бараг зөв байх. Манай барьсан замын үзүүрээс Хятадын талтай тохирсон цэг хүртэл богиновтор зайд холболт хийнэ гэдэг бас тийм хямд ажил биш байх. Тэр үеэс хойш нэлээд жил өнгөрч дээ.
-Энэ Гашуунсухайт – Ганцмодны төмөр замын ам зөрсөн асуудалд хэн буруутай вэ. Хариуцлага хүлээлгэвэл хэнд хариуцлага тооцох вэ?
-Их багагүй, ихэр сөнгөгүй хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах л хэрэгтэй юм. Ёстой "Долоо хэмжиж, нэг огтол" гэдэг шүү дээ. Манай өвөг дээдсийн яаж ажил, асуудалд хандаж улс орноо авч явж ирснийг бид байнга бодож явууштай.
-Туулын хурдны зам байх ёстой юу. Энэ зам хотын түгжрэл шийдэж, сайхан болох болов уу?
-Туул голын хөвөөгөөр Богд уулаа эмжсэн өргөн дардан сайхан зам барина гэдэг сайхан л зүйл. Гэхдээ энэ асуудал сүрхий хэл ам дагуулж байна. Туул голынхоо бургасыг их хядах юм байна. Энэ нь голын ус ундаргыг бууруулах сөрөг талтай гэж олны зүгээс сүрхий шүүмжлэлтэй хандаж ярьж байна. Усны газрын мэргэжлийн дүгнэлт ч болохгүй гэж үзэж байгаа юм байна. Туул гол дундарвал УБ хотын өндөр байшингуудын дээд давхруудын усан хангамж хаврын хуурайшилт ихтэй цагт ямар болох нь ойлгомжтой шүү дээ. Түрүүнд нь бас зөндөө айлууд тэнд буучихсан юм байна л даа. Ер нь бол усны аман дээр бууна гэдэг буруу. 1966 оны үерийг л бодол доо. "Гал усны гашуун зовлон" гэж хуучны үг байдаг. Дэлхийн хотууд чинь дандаа л гол усаа бараадаж байгуулагдсан байдаг шүү дээ. Москва голын эрэг дээр Москва хот, Бээжин голын эрэг дээр Бээжин хот, Днепр мөрний эрэг дээр Киев, Дунай мөрний эрэг дээр Братислав гээд, Хан мөрөн дээрх Сөүл хот гэх мэт дэлхийн хотууд чинь дандаа л гол усаа бараадаж, тэдгээрийнхээ эх булаг гол гольдролыг нүдний цөцгий мэт хамгаалж хөгждөг юм байна. Тийм учраас эргэж харахгүй бол болохгүй. Энд нэг зүйлийг нэмж тэмдэглэхэд УБ хотын дотор баригдаж байгаа барилга байшингууд хэтэрхий шавааралдаж байна. Гал түймэр гарахад галын машин, аврах анги орох аргагүй шүү дээ. Ер нь хот төлөвлөлт гэдэг бол том шинжлэх ухаан гэж би ойлгож явдаг.
-Та МАН-ын ахмад гишүүн. Намын дотоод зөрчил, засгаа байнга огцруулж байгааг хараад юу бодогддог вэ?
-Төр тогтвортой байхад түмэн олон амгалан байна. Байж байгаад л гарын элэгдсэн бээлий шиг солиод байвал ямар олиг байх вэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж бид их ярьдаг. Тэд чинь тэнэг хүмүүс биш. Сайн хуультай, улс төр нь тогтвортой тийм л газар оронд хөрөнгө мөнгөө оруулна шүү дээ. Ер нь залуучуудынхаа үгийг сонсож, тэдэнтэйгээ аль болох гар сэтгэл нийлж ажиллахыг хичээх нь туйлаас хэрэгтэй юм. Залуучууд маань ч "Хүн ахтай, дээл захтай" гэгчээр оймс элээсэн туршлагатай нэгнийхээ үгийг авч сурах хэрэгтэй юм. Юм л бол ханцуй шамлаж босоод давхиад байж болохгүй л дээ. Аливаа нэг хүч хэрэглэх гэсэн юм болдоггүй, бүтдэггүй юм гэдгийг бид мэднэ.
-МАН шинэчлэгдэж байгаа гэдэг ч залуучуудаа шорон руу л илгээдэг нам болчихлоо. Залуусын тухайд ахмадууд нь ямар бодолтой байдгийг танаас асуумаар байна?
-Би бүх ахмадуудыг төлөөлж ярьж мэдэхгүй. Залуучууд түрж орж ирж байна гэдэг жам ёсны асуудал. Тийм учраас туршлага, эрч хүч хоёрыг эвийн цавуу шиг болгож ажиллахыг туйлаас хичээх нь зүйтэй юм даа. Хуучин нь эрх мэдлээ тавьж өгөхгүй гэж гүрийх, сүрдүүлэх. Шинэ нөхөд нь "Бид бүхнийг чадна" гэж ташаа тулж ханхалзах хоёрын аль аль нь буруу.
-УИХ 126 гишүүнтэй болсон. Янз бүрийн асуудал зөрчил гардаг. Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүнийг эргүүлэн татах хууль зөв үү?
-Би УИХ-ыг холимог тогтолцоотой 126 гишүүнтэй болсныг зөв гэж боддог. Ер нь пропорциональ систем буруу биш. Сонгууль болоход санаандгүй нэг мөнгөтэй, чинээлэг нь гарчих гээд байх нь жирийн үзэгдэл боллоо. Энд намууд өөрсдийгөө бодохоос гадна улс орноо тэргүүн байранд тавих хэрэгтэй юм. Манай намууд чинь зүүн, баруунаа ч мартачихдаг тал бий. Иймд манай сонгогчид өөрсдөө ёстой шүдийг нь үзэж, сүүлийг нь сөхөж дугуйлж байх нь өнөөдрийн Монголын улс төрд ус агаар мэт хэрэгтэй байна. Өөрсдөө сонгочихоод хэдхэн хоноод нөгөөдхөө элдэв хоёроор зүхээд унадаг нь бидний буруу шүү дээ. Сүүлийн үед залуучуудын эх орноо гэсэн сэтгэлгээ эрс нэмэгдэж байгаад өвгөн ах нь сэтгэл өег явдгаа хэлье. Ерөнхийлөгчийн барьсан хуулийг залуучууд голлосон УИХ шүүмжлэлтэй маягтай хандаж байна. Давхар мэх л байх вэ гэж хардаад байх шиг байна. Уг нь шүүрдчихмээр хүмүүс бий шүү. Харъя даа.
-Дараалсан хоёр сонгуулийн өмнө тантай уулзаж байна. Та намынхандаа, залуу үеийнхэнд юу хэлж дамжуулах бол?
-Сонгуулиуд хаяанд ирлээ. Тэр жил УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, Д.Балдан-Очир нарын хамт Катар улсад очсон юм. Тэгэхэд Эзэн хааны Тамгын газрын дарга нэг өвгөжөөр насны хүн биднийг хүлээж авахад манайхан ч яах вэ ардчиллаа магтаад л яриад байсан. Гэтэл нөгөө нөхөр чимээгүй сууж сууж байгаад "Ардчилал ч яах вэ дээ, олонхын л засаглал. Зөв ч олонх байдаг, бас буруу ч олонх байдаг" гэж хэлж байж билээ. Бид намаас дээгүүр улс орныхоо эрх ашгийг л бодох хэрэгтэй. Түрүүчийн мөрийн хөтөлбөрөө дүгнэж, одоо сонгуульд орох хөтөлбөрөө ёстой шахсан бяслаг шиг боловсруулах хэрэгтэй. Ер нь сонгуульд мөрийн хөтөлбөрөөрөө л өрсөлдөх хэрэгтэй юм шүү дээ. Гэтэл манайхан улс төрийн соёл байхгүй, бие биенээ элдэв хоёроор хэлээд гүйгээд байдаг. Бид чинь одоо соёлтой сонгууль хийх цаг аль хэдийн болсон шүү дээ. Хөдөө орон нутаг эзгүйрлээ. Хэдэн малаа маллах амьтад цөөрлөө. Байгаль экологи муудаж гол ус татарч байна. Манай улс ард түмэн, түүхт улс. Бид аливаа асуудалд өнөө маргаашийг харсан аргацаах байдлаар биш томоор харж, хярын орой дээрээс дурандах хэрэгтэй байна.
Холбоотой мэдээ
-
2 цаг 25 мин