Б.Мөнхбаатар: О.Хангайг харцага байхад нь АВАРГА гээд цолыг дуудсан чинь тэр жил түрүүлээд АВАРГА болчихсон. ҮГ АМЬТАЙ гэж үнэн шүү
З.Батхуяг
Ярилцлага
/
2024-02-09

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат  Монголын Үндэсний бөхийн ахлах засуул, Монгол Улсын гавьяат жүжигчин, Уртын дууч, Б.Мөнхбаатартай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. Тэрбээр сумын заан цолтой, 10 гаруй жил бөхийн засуулаар ажиллаж байгаа эрхэм юм.

Өвөлжөө тавлаг сайхан уу, сар шинийн бэлтгэл дуусаж байна уу, ах?

Тарган сайхан өвөлжиж байна. Монгол түмний минь их баяр сар шинийн баяр энэ жил сайхан болох нь. Бэлтгэлээ базаачихсан. Чуулга, бөхийн өргөө гээд байнга шахуу гадуур явдаг хүн чинь гэрийнхээ ажлыг амжуулалгүй бол болохгүй шүү дээ...

Та хичнээн жил бөх засах хүндтэй албыг хашиж байна вэ?

Цаг хугацаа хурдан юм. 10 гаруй жил өнгөрчихсөн байна. Цагаан сарын барилдаанууд эхэлчихсэн байгаа.

Та бол жижиг том гэлтгүй бүхий л барилдаанд бөх засна биз?

Тэгэлгүй яах вэ. Яг бидний завгүй үе эхэлж байна. Чуулга дээр ажилтай бол өнжинө. Бусад үед ер нь барилдаан алгасахгүй засна шүү

Бөх засах ухаан гэдэг бас том агуулгатай санагддаг шүү?

Засуул гэдэг бол засаж залруулах гэсэн утга бүхий нарийн ухаан шаардана. Дан ганц малгай бариад зогсохгүй, засаж буй бөхийнхөө эмч, туслах, сэтгэл зүйч, зөвлөгч нь болж байдаг нарийн ажил. Багш дасгалжуулагч шиг л хэлж зөвлөнө. Өө та минь ядраагүй, сайхан байна. Ёстой бяртай, хавтай байна даа, нутаг орон, аав ээж, уул усаа бод гээд л зөвлөдөг. Миний багш Д.Цогзол гуай засаж буй бөхдөө “За миний дүү нутаг усаа бод. Нутгийн чинь уул ус хамт барилдаж байгаа шүү” гэж зоригжуулдаг байсан. Засаж байгаа бөх маань ядарсан, эцсэн нь илт мэдэгдэнэ л дээ. Тийм байсан ч аварга, арслан минь та минь сайхан байна даа гээд зоригжуулаад жаахан амраагаад барилдуулдаг. Бөхийн цол дуудна гэдэг чинь тэр бөхийнхөө хийморь лундааг сэргээж, цол залийг нь бадруулдаг, бяр оруулдаг, тэнхээ суулгадаг, тайвшируулж ухаажуулдаг чухал ач холбогдолтой сэтгэл заслын арга барил.

Бөхийн өргөөнд ч тэр, төв асарт ч тэр баруун талын засуулаар ажиллаж байгаа харагддаг. Таныг бөхийн  холбооноос тэнд хувиарласан уу?

Хувиарлах ч юу байхав. Анх бөх засаж эхлэхдээ л Д.Цогзол багшийгаа дагаад барууны дагаварт гарсан бөхчүүдийг засдаг байсан. Түүнээс хойш одоо ч баруун жигүүрээ засаж байгаа. Улсын баяраар бөх засахад үдийн нарыг бага хүртэнэ, түлэгдэхгүй амар шүү. Орой нар буухад зүүний засуулууд наранд нүүр нь түлэгдчихсэн харагддаг. Бас олон жил зүүн талын засуулууд сонсоо гээд цол дуудчихсан учраас бүүр дасчихсан байна даа.

Бөхийн засуулууд чинь бөхийн гал хэсэж, хамт бэлтгэл хийж өөрийгөө, сэтгэл зүйгээ бэлддэг байсан гэлцэх юм. Үнэн үү?

Тэгэлгүй яахав. Манай ахмад үеийн засуулууд чинь бөхчүүдтэйгээ хамт бэлтгэлд гардаг байсан. Идэж уухдаа онцгой анхаарна. Д.Цогзол багш наадам дөхөхөөр бумба тавиулдаг. Яаж байгаа юм бэ гэхээр ингэж хуян, шар усаа тараахгүй бол нөгөө барилдахаар ирэх хүүхдүүдийн чинь гар нь бадайрчихна гэдэг байлаа. Тэгэхээр засуул ч гэсэн өөрийгөөө бэлддэг байх нь гэдгийг ойлгосон. Бөх өө хайрлаж байгаа ухаан нь тэр.

Баруун талын дагавар магнайд боссон улсын аварга П.Бүрэнтөгсийн цолыг бөх цоллооч Бат-Өлзийн Мөнхбаатар дуудна гээд л таныг зарлана. Цол дуудах таны өвөрмөц өнгө аяс ч бас өөр шүү?

Наадмын дэвжээнд аавынхаа нэр, нутаг усныхаа нэрийг зарлуулах чинь гоё шүү дээ. Мягмар гуайн цол дуудах ая дан, Лонцойдорж гуайн уянгалаг нарийн хоолой, Д.Цогзол багшийн донж маяг, Б.Батболд агсаны эрдүү баргил хоолой гээд энэ бүх ах нараасаа их зүйлийг сурсан. Бөхийн засуул хүн их төлөв даруу, ёс жудагтай байх, залуучууд дүү нартаа зөв үлгэрлэл үзүүлдэг.

Бөх засуул хоёр хамт унаж, хамт давдаг юм гэнэ лээ...?

Төрийн наадамд түрүүлсэн аваргын малгайг бариад туг руу гүйхэд огшдог л юм. Бас л өөр мэдрэмж авдаг. Тэр хүн чинь аав ээждээ биш, хамгийн түрүүнд надад үнсүүлээд туг тойрно. Ер нь тэгээд засуул хүний мэдрэмжийн асуудал.

Таны мөрнөөс дэвсэн олон хүчтэн наадмын түрүү үзүүрт шалгаран биз?

Ёстой тооцож байгаагүй сонин асуулт байна. Даян аварга Н.Батсуурь, улсын гарьд Ц.Бямба-Отгон гээд наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд миний мөрөн дээрээс төрсөн цолтнууд олон. Сар шинийн барилдаанд бол аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал гээд Архангайн Хотонтын залуу түрүүлж шуугиан тарьж байлаа. Сар шинийн барилдаан бол улсын баяр наадмын дараа ордог, соёл уламжлалыг агуулсан, хүн бүр монгол дээлээрээ гоёсон, хөөрөг зөрүүлж аман зөвтэй мэнд мэдэлцдэг маш гоё баяр.

Монголчууд ҮГ АМЬТАЙ гэж ярьдаг. Энэ ҮНЭН гэдгийг харуулсан хүн бол таныг гэж би боддог. О.Хангайг харцага байхад цолыг нь АВАРГА гэж дуудсан. Яг тэр жилийн наадмаар О.Хангай 10 даван түрүүлж АВАРГА цол хүртсэн. Одоо ч эд хаваа гайхуулсан, бяр тэнхээ тэгширсэн босоо бөх хэвээрээ байна. Сонин тохиол шүү?

Тийм юм гэдэг учиртай юм билээ. Тэр нэвтрүүлэгт би уг нь уртын дуу дуулах гэж очсон. Гэтэл О.Хангай ахаа та миний цолыг АВАРГА гээд дуудаал өгөөч, дүү нь аварга болмоор байна гэсэн. Тэгэхээр нь Ховд аймгийн Буянт сумын харьяат Оргихын Хангай манлай гээд л дуудчихсан. Тухайн үед Хангайд өөрт нь зөн совин байсан байх. Үндэсний бөхийн 25 дахь аваргын цолыг дуудсандаа баярлаж билэгшээж явдаг. Дараа нь бөхийн өргөөнд болсон нэг барилдаанд О.Хангай аварга миний мөрөн дээрээс босож, би дахин цолыг нь дуудсан. Бөхийн аварга хүний цол гэдэг бол аугаа их утга агуулгатай, том зүйл байдаг юм билээ. Үнэхээр гайхамшигтай. Үг амьтай, хүчтэй байдаг гэдэгт итгэсэн.

Талийгаач Э.Энхбат агсны цолыг бас дуудсан бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн байсан. Улсын заан гэж дуудсан байдаг бил үү?

Талийгаач начин бид хоёр нас ойролцоо, нэг нэгэндээ мэнд устай сайхан байсан. Монгол түмний хайртай бөхийн нэг яах аргагүй мөн. Начны цолыг УЛСЫН ЗААН гэж дуудсан юм. Босоод ирэх байх гэж горьдсон. Монголчуудын нэг үг байдагдаа цолыг нь дуудсан бөх хүн эргэж сэргэдэг гэж ярьцгаадаг. Сэргээд босоод ирнэ гэсэн итгэлээр л цолыг нь дуудсан. Яг энэ өөрийнхөө гэрт шүү дээ. Гэхдээ цахим сүлжээнд нийтлээгүй. Манай найз л оруулсан байна лээ. Тийм л зүйл болсон доо.

Засуул хүний бахдал нь түрүү бөхийн малгайг бариад туг руу гүйх гэж онцоллоо. Тэгвэл харамсмаар нь юу вэ?

Яасан хүнд асуулт вэ... /бодов/ Ч.Санжаадамба аварга, П.Бүрэнтөгс аварга, Н.Батсуурь аварга, Г.Эрхэмбаяр арга, Х.Мөнхбаатар арслан, Д.Ганхуяг арслан, Б.Ганбат арслан, Б.Гончигдамба гарьд гээд халхын цуутай олон сайхан аваргууд миний мөрнөөс боссон байдаг. Засуул хүний хувьд нэг эмзэглэдэг, харамсдаг зүйл бол сайхан эр, зартай бөх мөрөн дээр харих тийм ч таатай биш шүү. Энэ аварга, арслан, зааны эд үе, сайхан үе нь миний мөрөн дээрээ байжээ гэж бодогдох мөч бий шүү. Сайн байсан бөхчүүдээ гурав, дөрвийн даваан өвдөг шороодохыг хараад хааяа халширч, өмөлздөг л юм. Энэ маань ч хариж дээ, хэдээ ийм байлаа, гайхуулдагсан гээд л өрөвддөг л юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
6
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.195.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.