Монголд бизнес эрхлэнэ гэдэг зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлээд ашиг олох тухай ойлголт биш болжээ. Өнөөдөр бизнес эрхлэгч орлого олохын өмнө түрээс, цалин, нийгмийн даатгал, татвар, цахилгаан, тээвэр, түүхий эдийн үнэ, банкны зээлийн хүүгээ тооцох шаардлагатай. Үлдсэн мөнгө нь ашиг уу, эсвэл дараагийн сарын зардлаа нөхөх эргэлтийн хөрөнгө үү гэдэг нь өөрөө асуулт.
Тиймээс өнөөдрийн Монголын бизнесийн орчны өмнө нэг энгийн боловч хариулахад хэцүү асуулт байна.
Бизнес эрхлэгчид Монголд шинийг бүтээж байна уу, эсвэл зүгээр л өр, татвар, хүүгийн дарамтыг нэг сараас нөгөө сар руу шилжүүлж байна уу?
263 мянган ААН-ийн талаас илүү нь яагаад ажиллахгүй байна вэ?
2025 оны байдлаар Монгол Улсад 263 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байснаас 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байжээ. Өөрөөр хэлбэл бүртгэлтэй байгууллагуудын талаас илүү нь тухайн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн идэвхтэй бизнесүүдийн 70 орчим хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн байна.
Орлого өсөхөөс өмнө зардал нь өсдөг
Бизнес эрхлэгчийн хувьд орлого олно гэдэг шууд ашигтай ажиллаж байна гэсэн үг биш. Орж ирсэн мөнгөнөөсөө түрээс, ажилчдын цалин, түүхий эд, цахилгаан, тээвэр зэрэг өдөр тутмын зардлаа төлнө. Үүний дараа л хэдэн төгрөг үлдэж байгаагаар бизнесийн бодит ашгийг тооцно.
Гэтэл сүүлийн үед эдгээр зардал нэг нэгээрээ нэмэгдсээр байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны эхний таван сарын инфляц 11.2 хувьд хүрсэн байна.
Үнэ өсөхөөр иргэдийн худалдан авах чадварт ч нөлөөлнө. Хүмүүс өмнө нь авдаг байсан зүйлээ бага хэмжээгээр авах, эсвэл хямд хувилбар сонгох нь нэмэгдэнэ. Энэ нь бизнесийн борлуулалтад шууд нөлөөлнө. Нөгөө талд бизнес эрхлэгчийн зардал буурахгүй. Түүхий эдийн үнэ өснө, түрээс нэмэгдэнэ, ажилчдын цалин өснө, цахилгаан, тээврийн зардал нэмэгдэнэ.
17.2 хувийн хүүтэй мөнгөөр юу бүтээх вэ?
Бизнес эрхлэгчид яагаад их зээлтэй байдаг вэ?” гэж асуухаас гадна “бизнесийг зээлээс өөрөөр санхүүжүүлэх боломжийг Монголын эдийн засаг хэр бүрдүүлсэн бэ?” гэж асуух ёстой.
Монголбанкны 2025 оны мөнгөний бодлогын тайланд шинээр олгосон төгрөгийн зээлийн хүү тухайн оны тавдугаар сард 17.2 хувьд хүрсэн талаар дурдсан. Мөн эдийн засгийн шокийн үед иргэн, ААН-ийн орлого доголдож, зээлийн төлбөрийн дарамт нэмэгдэх эрсдэлийг тайланд онцолсон байна.
Ийм өндөр өртөгтэй санхүүжилтээр бизнес эрхлэгч юу бүтээх вэ?
Хэрэв бизнесийн ашигт ажиллагаа зээлийн өртгөөсөө бага байвал зээл нь үйлдвэрлэл бий болгох хэрэгсэл биш, өрийг дахин санхүүжүүлэх механизм болж хувирна. Өнөөдрийн борлуулалтаар өчигдрийн зээлээ төлнө. Маргаашийн орлогоор өнөөдрийн зардлаа нөхнө.
Төр бизнесийг дэмжиж байна уу, эсвэл зөвхөн бүртгэж байна уу?
Сүүлийн жилүүдэд төрөөс бизнесийн орчныг хялбарчлах алхмууд хийгдэж байна. Тухайлбал 2026 онд бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцалсан. Мөн E-Business 2.0 системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулахыг зорьж байна гэж мэдэгдсэн.
Эдийн засгийг нуруундаа үүрсэн бизнес, өрөө нуруундаа үүрсэн бизнес эрхлэгч
Монголын хувийн хэвшил, эдийн засгийн томоохон хэсгийг нуруундаа үүрч байна. 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 65.7 их наяд төгрөгт хүрч, улсын ДНБ-ий 73 орчим хувьтай тэнцэх хэмжээнд байсан бөгөөд эдгээр компани 8 их наяд төгрөгийн татвар төлж, 85 мянган ажлын байр бий болгосон байна. Энэ бол бизнесийн салбар Монголын эдийн засагт ямар хэмжээний жинтэйг харуулах нэг үзүүлэлт. Гэхдээ нөгөө талд жижиг, дунд бизнесийн хэдэн мянган эзэн сар бүр ижил асуулттай үлддэг.
Энэ сарын орлогоороо ажилчдынхаа цалинг өгөх үү? Зээлээ төлөх үү? Татвараа төлөх үү?
-
2 цаг 50 мин
-
21 цаг 4 мин
-
23 цаг 56 минӨчигдөр 11 цаг 24 минӨчигдөр 10 цаг 39 минӨчигдөр 09 цаг 36 минӨчигдөр 09 цаг 31 мин