Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
8 цаг 48 мин

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.07/ хуралдаан 16 цаг 20 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Байнгын хорооны дарга Х.Ганхуягийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Улсын Их Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаатай холбогдуулан тус Байнгын хорооноос “Төсвийн орлого бүрдүүлэлт”, “Улсын төсвийн хөрөнгө оруулалт”, “Уул уурхай бүтээгдэхүүний экспортын боломж, эрсдэл”, “Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн төсөл”, "Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл”-ийн талаар нийт зургаан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсныг онцлон тэмдэглэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид эрүүл мэнд, боловсролын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн шинэчлэлийг эрчимжүүлэх,  багш нарын цалин, ахмад настны тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг урт хугацааны хөгжлийн зорилттой уялдуулах, гадаадын зээл, тусламжийн үр дүнг үнэлж, өрийн тогтвортой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх, татварын шинэчлэлийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох дэмжлэгийг оновчтой болгох, өрхийн орлогыг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг хөндсөн талаар гишүүдэд танилцуулсан. Мөн тус Байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр танилцуулах,  мөн холбогдох төрийн захиргааны байгууллагууд болон Сангийн яам, Эдийн засаг,  хөгжлийн яаманд хүргүүлнэ гэдгийг мэдэгдлээ.

Түүнчлэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг гишүүдэд тараасныг  танилцуулсан.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр Хавдар судлалын үндэсний төвийн  II цогцолборын барилга, гадна шугам сүлжээний ажил төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл арга хэмжээний жагсаалтад орсон шалтгааныг тодруулахын зэрэгцээ зураг төсөл, төсөвлөлтийн шаардлага хангаагүй нийтдээ хэчнээн төсөл арга хэмжээ байгааг  лавлалаа.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Хавдар судлалын үндэсний төвийн цогцолборын төсөл арга хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 2.4 тэрбум төгрөг төлөвлөснийг дурдаад төсөвлөлтийн шаардлага хангаагүй шалтгаан нь салбарын яамдуудтай нь холбоотой гэв. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны анхны батлагдсан төсөв дээр 2025 оны төсвийн тодотголоор нэмж 60 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авах хөрөнгийг тусгаж, Улсын Их Хурлаар  баталсан. Үүнийгээ ашиглаж  чадаагүй тул хураалгасан. Өөрөөр хэлбэл, захиалагч буюу салбарын яамдууд төслийн бэлэн байдлыг хангуулах хариуцлагын асуудалд анхаарал сул байгаа гэв.

Дээрх асуултад Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал Д.Энхболд нэмэлт тайлбар өгөв. Тэрбээр Хавдар судлалын үндэсний төв  II цогцолборын барилга, гадна шугам сүлжээний төсөл арга хэмжээ нь аудитаар зураг төсөл, төсөв төсөвлөлтийн шаардлага хангаагүй таван арга хэмжээний нэг байсныг тодотгов. Мөн аудитаар тухайн жилийн санхүүжилттэй уялдуулж төлөвлөөгүй нийт 75 төсөл арга хэмжээ байсан гээд эдгээр нь төсөвлөлтийн хуваарийг гурван жилийн хугацаанд тэнцүү хуваарилсан байх гэдэг шаардлагыг хангаагүй байсан гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан ирэх жилийн төсөвт багш нарын цалинг нэмж тусгах боломж бий эсэх, ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт нийт хэчнээн төгрөг төсөвлөсөн талаар тодруулав. Ажлын хэсгээс ирэх оны төсвийн төсөлд хуримтлалын сангийн ноогдол ашгийн орлого 372.9 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын орлого 156 тэрбум төгрөг нийт 528.9 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр тусгасан гэж байлаа.

Харин Сангийн сайд Б.Жавхлан багш нар гэхгүйгээр төрийн албан хаагчдын цалинг нэмэх төсвийн хязгаар, боломж хэр байгаатай гишүүд төсвийн төслөөс танилцсан байх гээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдээ Улсын Их Хуралд өргөн барьсан тул холбогдох 200 хуулиар төсвийг хэрхэн, яаж нэмж хуваарилсныг эргэж харах шаардлагатай байгааг хариултдаа онцолсон. Бодлогын орон зай байхгүй энэхүү хүнд  цаг үед тэрхүү хуулиудыг эрэмбэлснээр орон зай гарна  гэсэн тайлбарыг өглөө. 

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төсвийн төсөлд 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилга байгууламжуудыг дуусгахад анхаарсан эсэх,  дутуу дүнтэй төсөл арга хэмжээний санхүүжих дүнг тодруулав. 

“Өмнөх оны болон эхэлсэн төслүүдтэй холбоотой нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг холбогдох яамдаас ирүүлсэн. Сангийн яамнаас өнгөрсөн жилийн 12 дугаар сараас эхлэн найман удаагийн албан бичгээр бүх төслүүдийн магадлал гарсан нэмэгдлүүдийг аудитад хүргүүлсэн. Нийт нэмэгдлийн дүн 194 төслийн 609 тэрбум төгрөг байгаа. Төслийг өргөн барихаас өмнө Үндэсний аудитын  газрын дүгнэлтээр баталгаажуулаад 100 төслийн 194 тэрбум төгрөгийн санал ирснийг төсвийн төсөлд бүрэн тусгасан. Төсвийн төслийг өргөн барьснаас хойш Үндэсний аудитын газраас 15 төслийн 23 тэрбум төгрөгийн нэмэгдэлтэй санал ирснийг УИХ руу хүргүүлсэн” хэмээн ажлын хэсгээс хариулж байлаа.

Мөн ажлын хэсгээс төсвийн төсөлд тусгасан нийт ажлуудын 424 төсөл буюу 73 хувь нь 2024-2026 онд, 19 хувь буюу 110 төсөл нь 2027 онд дуусна. Үлдсэн 7 хувь буюу 45 төсөл нь 2026 онд шинээр эхэлж байгаа бөгөөд 2028 онд дуусна гэв. Түүнчлэн ирэх оны төсвийн төсөлд тусгасан 579 төслийн 430 нь өмнөх онуудад эхэлсэн шилжих хөрөнгө оруулалтууд тул 2026 онд ажлыг нь бүрэн дуусахаар  төлөвлөсөн гэж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл төсвийн шинэчлэлийг хийх шаардлагатайг онцлоод ирэх оны төсвийн төсөлд төрийн албан хаагч, ялангуяа багш нарын цалинг 10-15 хувиар нэмж тусгахад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.  Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа цаашдаа төсвийн төслийг боловсруулахдаа зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний орлогод тулгуурлан зардлаа тааруулаад байж болохгүй, төсвийн эрс шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай гэсэн санал хэлсэн. 

Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-т “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно” гэж заасан байдаг.

Иймд Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатарыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад нэр дэвшүүлсэн талаарх албан бичиг ирүүлснийг Байнгын хорооны дарга Х.Ганхуяг уншиж, танилцуулав. Уг асуудлаарх санал хураалтыг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар явуулахаар болов 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.