Монгол хуванцаргүй, байгальд ээлтэй COP17-г зохион байгуулж чадах уу
Д.Оюунболд
Нийтлэл
/
1 цаг 30 мин

НҮБ-ын конвенцын талуудын хурлуудыг байгальд ээлтэй, хуванцар хэрэглээг аль болох бага байхаар зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, COP зэрэг олон улсын томоохон уулзалт, хурлууд нь олон мянган хүнийг татан оролцуулдаг учир тодорхой хэмжээний хог хаягдал үүсгэдэг. Иймээс хурлыг зохион байгуулагчид хог хаягдлын менежмент, дахин боловсруулах асуудалд онцгой анхаарч ажилладаг байна. Жишээ нь, COP23 хурлын үеэр тараагдсан кофены аяганы дийлэнхийг олон дахин ашиглах боломжтой байхаар шийджээ. Хоол үйлчилгээний цэгүүдэд ашиглах аяга, таваг, хутга, сэрээг дахин ашиглах хэлбэрт шилжүүлсэн байна. Мөн нэг удаагийн усны сав, аяганы хэрэглээг багасгахын тулд бүх оролцогчдод дахин ашиглах усны сав үнэгүй өгч, хурлын талбайгаар байршуулсан ус дүүргэх цэгүүдийг ашиглах боломжтойгоор зохион байгуулжээ.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулна. Дэлхийн улс орнуудын төлөөлөгчидтэй ган, цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хөндөж, гарц шийдэл эрэлхийлэн, хэлэлцэнэ. Байгаль орчны асуудлыг хөндөхдөө бид байгаль орчинд хамгийн их хор хөнөөл дагуулдаг хуванцар бүтээгдэхүүнээ дахин боловсруулж чадах уу гэдэг асуулт манай улсын өмнө тулгарч байна. Тиймээс Caritas Czech Republic байгууллагын 2022 онд гаргасан “Монгол Улс дахь дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа”-ны хэсгээс хүргэе. 

Манай улс нийт 18,500 тонн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай

Судалгаагаар манай улсын хэмжээнд хуванцар дахивар боловсруулдаг 24 үйлдвэрлэгч “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо”-нд бүртгэлтэй байна. Эдгээрээс 18 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үйлдвэрлэгчдийн нэгдсэн мэдээллээс харахад манай улс нийт 18,500 тонн хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай хэдий ч хүчин чадлынхаа 52.4 хувийг л ашигладаг аж. Өөрөөр хэлбэл, эдгээр үйлдвэрүүд нь ойролцоогоор 10,000 тонн дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

Судалгаанд хамрагдсан үйлдвэрүүд хуванцар дахиврыг ашиглан барилга, дэд бүтэц, ахуйн хэрэглээ, эрүүл ахуй болон хагас боловсруулсан түүхий эдийн чиглэлээр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ нь Монгол Улсад дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээл бодитоор бүрэлдэж буйг харуулж байна. Дахин боловсруулсан хуванцраар үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний дийлэнх хувийг барилга, инженерийн зориулалттай материал, тоног төхөөрөмж эзэлж байна. Үүнд арматурын хөндийрүүлэгч, сэнс, босоо арматурын зай баригч, цахилгааны хамгаалалтын хоолой, цэцэрлэгт хүрээлэнгийн сандал, суулгалтын профиль, булан холбогч, хуванцар хоолой, канистр, бохирын ус зайлуулах хоолой зэрэг бүтээгдэхүүн багтдаг.

Мөн үйлдвэрүүд дахин боловсруулсан хуванцраар хогны уут, сандал, ахуйн тосол, био задралтай хогны уут зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь өдөр тутмын хэрэглээнд өргөн ашиглагддаг бөгөөд импортын бүтээгдэхүүнийг орлох боломжтой зах зээлийн нэг хэсэг юм.

Эрүүл ахуйн чиглэлд шээсний шинжилгээний сав, нүхэн жорлонгийн доторлогоо зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж.

Зарим үйлдвэрүүд дахин боловсруулсан хуванцраар РР, HDPE, LDPE зэрэг хагас боловсруулсан үрэл, түүхий эд үйлдвэрлэж байна. Эдгээр нь дараагийн шатны үйлдвэрлэлийн үндсэн орц болох чухал ач холбогдолтой.

Судалгаанд оролцсон 18 үйлдвэрлэгчийн зургаа нь буюу 33.3 хувь нь хоёрдогч түүхий эдээ зөвхөн гэрээт үйлдвэрлэгч, байгууллагаас худалдан авдаг бол хоёр үйлдвэрлэгч буюу 11.1 хувь нь зөвхөн дахивар нөөц цуглуулах цэгээс түүхий эд татдаг байна. Харин үлдсэн 12 үйлдвэрлэгч дахивар нөөц цуглуулах цэг, гэрээт байгууллага, дэлгүүрүүдээс өөрсдөө цуглуулах, мөн хог ялган тушаадаг иргэдээс худалдан авах зэрэг олон эх үүсвэрийг хослуулан ашиглаж байна.

Судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсад дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээл төрөлжиж, барилга, ахуйн хэрэглээ, эрүүл ахуй, хагас боловсруулсан түүхий эдийн чиглэлд хөгжсөөр байна. Энэ хэмжээний үйлдвэрлэлийн хүчин чадал бий болжээ.

Гэвч энэ боломжийг бүрэн ашиглахын тулд ангилан ялгасан хог хаягдлыг тээвэрлэлтийн явцад дахин холихгүй байх, дахивар цуглуулах тогтолцоог сайжруулах, үйлдвэр, СӨХ, өрхүүдийн уялдааг бэхжүүлэх шаардлагатай. Хэрэв эдгээр асуудлыг бодлогын түвшинд шийдэж чадвал COP17 хурлыг байгальд ээлтэй, хуванцар хэрэглээг хамгийн бага түвшинд барьсан байдлаар зохион байгуулах боломж Монгол Улсад бий. Нэг үгээр Монгол Улс COP17 хуралд хэрэглэсэн нэг удаагийн кофены аягаа дахин боловсруулах эсэх нь менежментийн чадавхаас шалтгаалах нь.

Эх сурвалж:”Ногоон пресс” сэтгүүлчдийн клуб

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.