Төрийн шагналт Р.Чойномын 90 жилийн ойг тэмдэглэх ажлыг нэрт найрагчийн өвийг хамгаалах “Өд” сан, Социал Демократ Монголын Залуучуудын холбоо, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа билээ.Ойн хүрээнд олон хүн Р.Чойном найрагчтай танилцаж, нөхөрлөж явсан тухайгаа дурсаж байна. Бид энэ удаа Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсангийн дурсамжаар хамт аяллаа.
-Та Р.Чойном найрагчтай танилцсан анхны сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?
-Лонхны бөглөө, сэтгэлийн таглаа онгойлгож нэг ч удаа уулзаагүй атал надтай дандаа нэр холбогдож явсан нэгэн их билэг танхай зохиолч бол Рэнцэнгийн Чойном байлаа. Ингэхэд Ренчиний биш шүү дээ, Рэнцэнгийн Чойном гэж бичээрэй. Р.Чойном өөрөө тэгж бичдэг байсан юм шүү. Авьяас билэг бол анхны уншсан шүлгээс л танигддаг. Тэр үеийн манай шүлэг найраг ерөнхийдөө “нам” гэсэн нэг л сэдэвтэй, ямар ч хөдөлгөөнгүй, хөшүүн байлаа. Гэтэл гэнэтхэн тэрийг байрнаас нь хөдөлгөсөн шүлэг гараад ирсэн. Тэр нь салхины тухай, Р.Чойном гэж үл таних залуугийн бичсэн:
...Баяраар хатгасан тугнууд
Байж ядталаа дэвхцэнэ... гэсэн содон дүрслэлтэй шүлэг байв.
-Р.Чойном үнэхээр тухайн цагийнхаа эрх чөлөөний дууч байжээ?
-Тэр эндээс эхлэн хуучныг эвдэж, шинийг эрэлхийлж, илэрхийлж, зогсонги байдлаас хөдөлгөөнд оруулсан юм. Энэ чинь шоронд байж байгаад эрх чөлөөнд гарч байгаатай адил тийм том сэрүүлэг байхгүй юу. Түүнд нь тэр үед их олзуурхсан, тухайн үед би МУИС-д багшилж байсан юм. Тэгээд оюутнууддаа “Шүлгийг ингэж бичдэг юм, Р.Чойном ингэж бичжээ” гээд даналзаж байлаа. Тэр үед Зохиолчдын гуравдугаар их хурал болж, тэрэнд оролцохоор хөдөөнөөс хотод ирсэн юм. Би чинь Зохиолчдын хоёрдугаар их хурлаас эхлэн оролцсон юм шүү дээ. Тэгсэн миний ард хэлтгий цээжтэй, хянга монхор хамартай, жирвийсэн живэртэй залуу суучихсан, тэгснээ гэнэт миний мөрөн дээр алгадаад авдаг юм байна. Би ч хэн гээч нь хүний мөрөн дээр алгадчихав. Хүний мөрөнд хүрэх чинь цээртэй гэж бодогдон мөрөн дээгүүрээ эргээд их эвгүй муухай хялайж харлаа. Тэгсэн надад нэг жижигхэн зураг өгч байна. Ар талыг нь хартал оросоор шүлэг биччихэж. МУИС төгссөн Т.Галсан оросоор шүлэг бичиж чаддаггүй байтал дөрөвдүгээр анги дөнгөж төгссөн Р.Чойном тэгэхэд М.Ю.Лермонтовын “Хилэнт их давлагаа байхгүй бол ямар тэнгис байх вэ” гэсэн мөр бадаг санаанд орохоор тийм гайхам шүлэг бичсэнээ өгч анх удаа бид инээлдэж билээ. Түүнээс хойш уулзаагүй л дээ.
-Яагаад?
-Тэгж байтал шүлэг бичсэнийхээ төлөө би цөллөгт явчихгүй юу. Үзэг нэгт нөхдийнхөө өмнөөс тэмээчин болж, хөдөө очиж тэмээ малласан.
-Үзэл суртлын нийгэмд түүнээс өөр зам, гарц байгаагүй байх нь ээ?
-Ер нь бол тэр үед би Гитлер л ном шатаадаг гэсэн ойлголттой явсан. Ер нь бүгдээрээ л Гитлер ном шатаадаг гэж ярьж, бичдэг байлаа. Тэгсэн чинь юу болсон байх нь вэ, манайхан миний номыг хурааж аваад шатаачихдаг юм. Бас агуу их эрдэмтэн Б.Ренчиний номыг ч шатаалаа. Дараа нь Ц.Дамдинсүрэн багшийн “Орос, монгол толийн он цагийн хэлхээ” номыг шатаалаа. Энэ мэтээр манайханд ном шатаадаг үе эхэлсэн. Хүнд хэцүү тэр цагт тийм л үйл явдлууд болж байж. Тэгэхээр Р.Чойном бид хоёр эргэж яаж уулзаж, тааралдах билээ. Хэн хэн нь цаг үедээ адлагдаж, нэг нь орон шоронд орж, нөгөө нь цөллөгт явсан. Гэхдээ хэн хэнээ хүндэтгэх, авьяас билгийн нэгэн агаарт байгаагаа мэдрэх мэдрэмж бол бидэн хоёрт ижил байсан юм шүү.
-
1 цаг 54 мин
-
4 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 29 мин
-
Өчигдөр 13 цаг 19 мин
-
Өчигдөр 13 цаг 15 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
2026-04-03
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2026-04-01
-
Өчигдөр 15 цаг 35 мин